2025 оны тавдугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн 10 настай хүүхэд бусдын автомашиныг зөвшөөрөлгүй унаж явсан тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Хэрэг явдлын мөрөөр хийсэн шалгалтаар тухайн бага насны Э гэх хүүхэд иргэн Д-ийн эзэмшлийн Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” хэмээн орж суугаад, эзэмшигч нь дэлгүүрт орсны дараа машиныг нь асааж, зөвшөөрөлгүйгээр жолоодон явсан болох нь тогтоогдсон байна.
Мөн уг хүүхэд өмнө нь гурван иргэний асаалттай орхисон автомашиныг мөн адил өөрийн дураар жолоодож, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхин явсан үйлдэл давтан гаргаж байжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд машинаа асаалттай үлдээхгүй байх, танихгүй хүнийг суулгахгүй байх, дэлгүүр, эмийн сан зэрэг газарт үйлчлүүлэхдээ тээврийн хэрэгслээ онгорхой орхихоос зайлсхийх зэрэг урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгахыг анхаарууллаа.