CS2 төрлийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор энэ оны зургадугаар сарын 3-нд АНУ-ын Остин хотноо эхэлнэ. Энэ жил тив, бүс нутгийн урьдчилсан шатнаас шалгарсан нийт 32 баг оролцох бөгөөд Монгол Улсаас The MongolZ болон Chinggis Warriors багууд түүхэндээ анх удаа зэрэг Мэйжорт оролцох гэж байна.
The MongolZ баг тав дахь удаагаа
Chinggis Warriors баг анх удаагаа Мэйжорт оролцоно
“Стикер” — цахим спортын дурсамжийг тоглоомд шингээдэг гоёл
Тоглоом хөгжүүлэгч Valve компани өнөөдөр (2025.05.23) Мэйжорт шалгарсан баг, тоглогчдын албан ёсны стикерүүдийг танилцууллаа. Энэхүү стикерүүд нь зөвхөн гоёл төдий зүйл биш — түүх, үнэлэмж, орлого дагуулдаг өндөр ач холбогдолтой.
Гэвч энэ жилийн стикерт нэг онцгой нэр багтжээ.
The MongolZ багийн тоглогч Mzinho өөрийн стикер дээрээ багийн дасгалжуулагч maaRaa-ийн нэрийг оруулсан нь цахим спортын орчинд өндөр үнэлгээ авч байна.

“20 жилийг CS-д зориулсан бидний дасгалжуулагч maaRaa үүнийг хүртэх эрхтэй” хэмээн Mzinho сэтгэгдлээ хуваалцсан нь олон фэнүүдийн бахархлыг төрүүлэв.
Багийн эзэд ч сэтгэлийн бэлгээ стикертээ шингээв
Techno, Senzu нар өөрсдийн стикер дээр багийн үүсгэн байгуулагчид болох kaz, darkis нарын нэрийг шигтгэснээр багийн арын албанд зогсолтгүй ажиллаж ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлжээ.

Дашрамд дурдахад, багийн эзэн, дасгалжуулагч нарт Valve-аас стикер олгодоггүй.
Стикер гэж яг юу вэ?
Тухайн баг, тоглогчийг тоглоомын зэвсэг дээр мөнхлөх дизайн
Стикерүүд капсуль хэлбэрээр 1 ам.доллараар зарагддаг
Хэрэглэгч капсуль нээхэд аль ч баг, тоглогчийн стикер гарч болно
Мэйжорын дараа Valve стикерийн борлуулалтын орлогыг нэгтгэн, баг, тоглогчдод хуваарилдаг
Мэйжорт оролцоно гэдэг зөвхөн тэмцээнд оролцох бус, нэр хүнд, санхүүгийн боломж, ур чадварын баталгаа юм.


