Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хүрээнд хурдан морины бүсийн болон шигшмэл уралдаануудын товыг баталсан шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5.2, “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 5.3 болон 10.18 дахь заалтыг үндэслэн гарсан байна.
Тогтоолын дагуу Увс аймгийн 100 жилийн ойтой давхцан тус аймгийн баяр наадмыг 2025 оны долдугаар сарын 28-наас 30-ны хооронд тэмдэглэхээр болсон. Харин Дорноговь аймгийн баяр наадам долдугаар сарын 19-21-нд, Дорнод аймгийн баяр наадам мөн долдугаар сарын 28-30-нд тус тус зохион байгуулагдана.
Эдгээр баяр наадмын өдрүүдэд баруун, зүүн, говийн бүсийн хурдан морины уралдаан аймгийн наадамтай хамтатган явагдах бөгөөд зохион байгуулах хариуцлагыг Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нарт даалгажээ.
Мөн “Их хурд-10” шигшмэл уралдаан энэ жилийн хувьд наймдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худагт болно. Харин Хангайн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдахаар тогтоогдсон бөгөөд энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нарт тус тус хариуцуулжээ.