Нийт инфляц саарсан ч үнийн өсөлт өндөр түвшинд байна
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувь, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн байна.
2025 оны нэгдүгээр сард инфляцын түвшин 8.7 хувь байсан бол энэ оны эхэнд 7.5 хувь болж, өсөлтийн хурд 1.2 нэгж хувиар саарсан ч үнийн дарамт өндөр хэвээр байна.
Хүнсний болон үйлчилгээний үнэ инфляцыг голлон хөдөлгөж байна
Бараа, үйлчилгээний үндсэн бүлгүүдийн дундаас үйлчилгээний үнэ 8.9 хувь, барааны бүлгийн үнэ 7 хувь өсжээ. Хүнсний бараа 12.4, хүнсний бус бараа 5.6 хувийн өсөлттэй гарсан нь инфляцын бүтцэд хүнсний бүлгийн нөлөөг илүү тодруулж байна.
Бүсчилбэл:
- Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 9.4 хувь,
- Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 10 хувь,
- Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 13.8 хувь,
- Баруун бүсэд хүнсний бус барааны үнэ 6.3 хувиар өссөн нь тухайн бүсүүдэд үнийн дарамт хамгийн өндөр байгааг харуулж байна.
Улсын хэмжээнд 7.5 хувийн инфляцын:
- 44.9 хувь буюу 3.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс,
- 11.5 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс үүдэлтэй байна.
Импортын бараа инфляцын дөрөвний нэгийг бүрдүүлж байна
Инфляцын бүтцийг задлан харвал бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 21.6 хувийн нөлөөтэй байж, нийт инфляцад 1.6 нэгж хувийн өсөлт өгсөн гэж тооцоолжээ.
Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.3 хувийн жинтэй болж, инфляцад 3.8 нэгж хувийн нэмэлт дарамт үзүүлсэн байна.
Нийт 7.5 хувийн инфляцын 25.5 хувь буюу 1.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс хамаарч байгаа нь гадаад зах зээлийн хэлбэлзэл, ханшийн нөлөө эдийн засагт хүчтэй шингэж байгааг харуулж байна.
Үнийн өсөлтийг хөтөлж буй гол бүлгүүд
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ огцом нэмэгдэхэд дараах бүлгүүдийн өсөлт жинтэй нөлөөлөв. Үүнд:
- Хүнсний бараа, ундаа, ус: 12.6%
- Хувцас, бөс бараа, гутал: 6.6%
- Гэр ахуйн тавилга, ахуйн бараа: 5.3%
- Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ: 6.5%
- Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ: 6.1%
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ: 8.5%
- Боловсролын үйлчилгээ: 12.8%
- Бусад бараа, үйлчилгээ: 8.9% өссөн байна.
Эдгээрээс хүнс, боловсрол, үйлчилгээний бүлгүүдийн өсөлт богино хугацаанд айл өрхийн төсөвт хамгийн их дарамт учруулж буйг харуулж байна.
Сагсны бүтцэд импортын бараа давамгай байр эзэлж байна
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтаж байгаагаас 238 нь импортын бараа байна. Энэ нь нийт сагсны 55.3 хувь бөгөөд нийслэл Улаанбаатар хотын хувьд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг тогтмол судалж байна.
Импортын барааны ийм өндөр жин нь гадаад зах зээлд үүсэх үнийн савалгаа, ханшийн хэлбэлзэл дотоодын инфляцад шууд хөрвөх суваг болж байна.
Мах, гурил, гоймон: өдөр тутмын хүнсний үнэ эрчимтэй өсөв
Өнгөрсөн сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өсжээ. Үүнээс:
- Үхрийн махны үнэ 25.8%,
- Хонь, ямааны махны үнэ 17.5% өссөн нь махны бүлгийн дундаж өсөлтийг хүчтэй түрж байна.
Талх, гурил, будааны бүлгийн үнэ 6.3 хувиар өсөхөд:
- Гурил болон төстэй бүтээгдэхүүний үнэ 7.7%,
- Гоймонгийн үнэ 16.8% нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Ийнхүү өдөр тутмын хүнсний гол бүтээгдэхүүний үнэ хоёр оронтой өсөлттэй явж байгаа нь инфляцын тоон үзүүлэлтийг бодитоор мэдрэх хэмжээнд хүргэж байна.






