NBA-ийн комиссар Адам Сильвер 2026 оны Бүх оддын тоглолтыг шинэ, шинэлэг форматаар зохион байгуулах болсноо зарлалаа. Тодруулбал, энэ удаагийн тоглолт “АНУ-ын баг vs Дэлхийн баг” гэсэн хэлбэрээр өрнөх бөгөөд ийнхүү уламжлалт Бүх оддын тоглолт шинэ өнгө төрхтэй болж байгаа юм.
Шинэ формат нь NBA-ийн хамгийн гол арга хэмжээ болох Бүх оддын тоглолтыг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгохоос гадна 2026 оны Өвлийн олимпын шууд дамжуулалттай уялдуулах зорилготой. Адам Сильвер “Breakfast Ball” нэвтрүүлэгт оролцох үеэрээ уг шийдвэрийг олон нийтэд танилцуулсан. Тэрээр “Олимпын шууд дамжуулалттай давхцах учраас тоглолтыг оройн бус өдрийн цагаар зохион байгуулна. Ингэснээр олимпын үйл явдалтай цагийн хувьд зохицож, илүү олон үзэгчийг хамруулах боломж бүрдэнэ” хэмээн онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд Бүх оддын тоглолт дөрвөн багт хуваагдан өрсөлддөг хэлбэрээр явагдаж байсан ч энэ нь үзэгчдийн сэтгэлд төдийлөн нийцээгүй гэж үздэг. Иймээс 2026 онд энэ бүтэц шинэчлэгдэж, “АНУ vs Дэлхий” гэх хоёр туйлын багийн хоорондын тоглолтоор орлуулагдаж байна. Энэ нь олон улсын болон дотоодын одод, супер одуудыг шууд харьцуулан үзэх ховор боломжийг олгох аж.
Тоглолтын дэлгэрэнгүй бүтэц, баг бүрдүүлэлтийн нарийвчилсан мэдээлэл одоогоор зарлагдаагүй байгаа ч үндсэн формат нь албан ёсоор батлагдсан. Түүхэн тоглолт 2026 оны хоёрдугаар сарын 16-нд Лос Анжелес хотод шинээр баригдаж буй “Intuit Dome” спортын ордонд болох юм. Үүнтэй зэрэгцэн 2026 оны Өвлийн олимп Итали улсад хоёрдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулагдана.
АНУ vs Дэлхийн баг гэдэг бол их сонирхолтой санаа байна! Шинэлэг, өөр мэдрэмж төрүүлж байна
Дэлхийн багт хэн хэн орж тоглох бол гэдэг нь хамгийн сонирхолтой нь байна шүү