Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн. Энэ хүрээнд иргэдийн санал бодлыг тусган, ил тод байдлыг хангах зорилгоор улсын төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.
Төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс улс даяар эхэлсэн бөгөөд иргэд санал хүсэлтээ “11-11 төв”, E-Mongolia аппликейшн болон бүх яамдын цахим хуудсаар дамжуулан өгөх боломжтой.
Мөн наймдугаар сарын 4-14-ний өдрүүдэд салбар бүрээр олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийт 12 удаагийн хэлэлцүүлэг явагдах бөгөөд оролцохыг хүссэн иргэд цахимаар болон биечлэн бүртгүүлэх шаардлагатай.
2026 оны улсын төсвийн төсөл боловсруулах үйл явцын хоёр дахь шат нь ийнхүү иргэдийн оролцоонд суурилсан хэлбэрээр үргэлжилж байна. Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх санал хураалтын үр дүнд иргэдээс ирсэн эдийн засгийн үр ашигтай, зардлыг бууруулах агуулгатай саналуудыг нэгтгэн эрэмбэлж, эцсийн төсөлд тусгах юм.