-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

3700 км замыг туулсан лам нар Вашингтонд энх тайвны мессежээ хүргэлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын есөн муж улсыг дамнан 3700 гаруй км замыг явган туулсан Буддын шашны лам хуврагууд хоёрдугаар сарын 10-нд Вашингтон хотод очин аяллынхаа төгсгөлийг хийж, олон мянган хүний баяр хөөр, гүн хүндэтгэлтэй угталтын дунд энх тайвны мессежээ нийтэд хүргэлээ.

Гурван сарын өмнө Техас мужаас мөргөлийн аяллаа эхлүүлсэн тэд “Энх тайван, хайр, энэрэл нигүүлслийг Америк даяар болон дэлхий нийтэд түгээх” зорилгыг өөрсдийнхөө гол уриа болгон замдаа гарсан юм. Аяллын турш өвлийн тэсгим хүйтэн, цасан шуурга, салхи шуурган дунд хөл нүцгэн алхаж, байгалийн олон сорилтыг даван туулсан нь хүмүүсийн хүндэтгэлийг улам нэмэгдүүлжээ. Охайогийн хөндийгөөс Шинэ Англи хүртэл нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганы үеэр ч тэд аяллаа зогсоолгүй үргэлжлүүлсэн байна.

Энэ урт аялалд цахим орчинд “Энх тайвны нохой” нэрээр алдаршсан, Алока хэмээх аврагч нохой ч дагалдан оролцсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Цагаачлалын бодлоготой холбоотой маргаан, нийгмийн хурцадмал байдал нэмэгдэж буй үед явагдсан нь уг алхалтыг АНУ-ын дотоод нөхцөл байдалтай ч уялдуулан харж болохоор болгож байна.

“Эсэргүүцэл биш, дотоод амар амгаланг сануулах алхалт”

Аяллын ахлагч Бхикху Паннакара Вашингтонд хийсэн үг хэлэхдээ “Бид эсэргүүцэл илэрхийлэх гэж бус, харин хүн бүрийн дотор орших амар амгаланг сэрээхийн тулд алхаж байна. Эв нэгдэл, нигүүлсэл бол хувь хүнээс эхэлж, улмаар гэр бүл, нийгэмд түгэн дэлгэрдэг” гэж онцлон хэлжээ.

Аяллыг дагаж цахим сүлжээгээр олон сая хүн дэмжлэг илэрхийлж байсан бол зам дайрсан хот, суурингийн иргэд цас, бороог үл хайхран гудамжинд гарч ирэн цэцэг, уриа үг, алга ташилтаар угтан авч байв. Вашингтонд Элчин сайдын яамдын байртай гудамжаар лам нар алхан өнгөрөхөд мөн олон зуун хүн цугларч, тэдэнтэй хамт алхаж, зарим нь нам гүм мөргөл үйлдэн, зарим нь талархлаа илэрхийлж байлаа.

“Энх тайвны төлөөх эл аялал бол дэлхий дахинд өрнөж буй эмх замбараагүй байдлаас хэсэгхэн зуур холдуулж, сэтгэл амраасан үйл явдал болж байна” хэмээн Вашингтон хотын 62 настай оршин суугч Колеман О’Доногью ярьсан нь олон хүний сэтгэлийн байдал, хүлээн авалтыг илэрхийлсэн үг болж байна.

Осол, сорилт, боловч буцах биш, үргэлжлүүлэхийг сонгосон зам

Аяллын үеэр бүх зүйл дардан байсангүй. Техас муж улсын Дэйтон хотоор дайран өнгөрөх үед лам нарт дагалдан явж байсан машиныг ачааны тэрэг мөргөж, хоёр лам хүнд бэртэл аван, тэдний нэг нь хөлөө тайруулах мэс засалд орсон харамсалтай осол гарчээ. Гэсэн хэдий ч аялагчид осолд өртсөн анд нөхдөө, энх тайвны төлөө гаргасан тангараг, мөргөлийнхөө утга учрыг бодож аяллаа зогсоох бус, үргэлжлүүлэхийг сонгосон байна.

Хойд Каролина муж улсын захирагч Жош Стейн тэдний энэхүү шийдвэр, зориг, энх тайван, тэгш байдал, шударга ёс, нинжин сэтгэлийн тухай мессежид нь хандан талархал илэрхийлж, олон сая хүний зүрх сэтгэлд итгэл найдвар, урам зориг өгсөнд нь хүндэтгэл үзүүлжээ.

Вашингтоны сүмд болсон ёслолын үеэр Колумбийн тойргийн төрийн нарийн бичгийн дарга Кимберли Бассетт хотын дарга Мюриэл Баузерын нэрийн өмнөөс лам нарт хүндэтгэлийн тунхаг гардуулсан байна. Тэр үеэр “3700 гаруй км-ийн аялал өнөөдөр дуусаж болох ч энх тайвны төлөөх бидний аялал зогсолтгүй үргэлжилсээр байх болно. Та бүхний мөргөлийн аялал хот, муж улсууд, нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүсийг нэгтгэлээ” хэмээн онцлон хэлсэн нь энэ алхалтын бэлгэдэл, нийгмийн нөлөөг тодорхой илэрхийлсэн үг болж үлдлээ.

Ийнхүү Техасаас Вашингтон хүртэлх “Энх тайвны төлөөх алхалт” нь зөвхөн хэдэн мянган километр зам туулах аялал бус, Америкийн нийгмийн янз бүрийн бүлэг, үзэл бодол, гарал үүсэлтэй хүмүүсийг нэгэн зорилгын дор түр зуур ч болов нэгтгэсэн, дотоод амар амгалан, эв нэгдэл, нигүүлслийн тухай сануулга болон өндөрлөв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу