2025 оны 7-р сарын 25 — Өмнөд Солонгосын эрх баригчид 60 жилийн өмнөх хүчингийн хэрэгтэй холбоотой шударга бус шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хэлмэгдсэн эмэгтэйд уучлал гуйсан нь тус улсын хууль, эрх зүйн салбарын түүхэнд онцгой үйл явдал боллоо.
1964 оны хэрэг: өөрийгөө хамгаалсан охиныг ялласан нь
1964 онд тухайн үед 18 настай байсан Чхве Мал Жа гэх эмэгтэй Кимхэ хотод 21 настай эрийн бэлгийн халдлагад өртжээ. Эрэгтэй түүнийг хүчирхийлэхийг завдаж, ам руу нь хэлээ хийх гэж оролдох үед Чхве түүний хэлийг тас хазаж, зугтаж амжсан байна. Цагдаагийн газрын мэдээгээр халдагчийн хэл 1.5 см орчим урттайгаар тасарсан байжээ.
Харамсалтай нь энэхүү хэрэг шүүхэд шилжихэд хохирогч охин өөрөө гэм буруутан болсон. Шүүх хэрэгтэн эрд ердөө 6 сарын хорих ял оноож, түүнийг хүчингийн оролдлого хийсэн гэж тооцоогүй. Харин Чхве Мал Жа-г өөрийгөө хамгаалах хязгаарыг хэтрүүлсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн буруутгаж, 10 сарын ял оноосон байна.
Чхве тухайн үед давж заалдаагүй. Яаж эрхээ хамгаалах, гомдол гаргах талаар ямар ч ойлголтгүй байсан гэдгээ тэр хожим дурссан байдаг. Энэ хэрэг БНСУ-ын хууль зүйн сургалтын хөтөлбөрт шүүхийн алдааны тод жишээ болон бичигдсэн байна.
MeToo хөдөлгөөн хэргийг дахин сөхөхөд хүргэв
Хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн Өмнөд Солонгост өрнөж эхэлснээр Чхве Мал Жа өөрийнх нь хэрэг шударга бус шийдвэрлэгдсэн болохыг ойлгож, хэргийг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргажээ. Тэр 60 жилийн өмнөх ял шийтгэлийг хүчингүй болгуулахыг ч мөн шаардсан байна.
Шүүх хэрэгийг дахин авч үзэж, Чхвегийн үйлдэл нь өөрийгөө хамгаалсан үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг гэм буруугүйд тооцон бүрэн цагаатгасан байна. Үүний дараа Прокурорын газар албан ёсоор уучлал хүсжээ.
“Бид яллаа” – Чхвегийн үг олон нийтийн сэтгэлийг хөдөлгөв
Одоо 78 настай Чхве Мал Жа:
“Улс намайг 61 жил гэмт хэрэгтэн мэт амьдруулахад хүргэсэн. Энэ оронд шударга ёс үлдсэн байсанд би баярлаж байна. Бид яллаа. Шударга бус шийдвэр нэг хүний амьдралыг орвонгоор нь бусниулж болдгийг миний жишээнээс бүгд харсан” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Бусан хотын Ерөнхий прокурор Чон Мен Вон ч мөн хүлцэл өчиж:
“Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйг бид хамгаалах ёстой байтал түүнд маш их зовлон, зүдүүр учруулсандаа харамсаж байна” гэж мэдэгдсэн байна.