Үндэсний их баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам энэ жил 19 дэх удаагаа төв талбайд өргөн дэлгэр болж байна. “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан болсон энэ наадам нь Монголчуудын дээл хувцасны язгуур хэв шинж, өв уламжлалыг сурталчлан таниулах, Улаанбаатар хотыг олон улсад аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, соёлын төв болгон сурталчлах зорилготой билээ.
Энэ жилийн баярт наадамд нийслэлийн зургаан дүүргээс гадна 21 аймгийн аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас 60 орчим байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцжээ. Нийтдээ 7000 гаруй хүн үндэсний дээл хувцсаараа гоён жагсаалд оролцсон нь өмнөх жилүүдийн оролцооноос илүү өргөн цар хүрээг хамарсан байна.
Наадмын үеэр дараах номинациудад шилдэг оролцогчдыг шалгаруулж байгаа юм:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч (эрэгтэй, эмэгтэй)
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч (эрэгтэй, эмэгтэй)
- Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд (эрэгтэй, эмэгтэй)
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд (эрэгтэй, эмэгтэй)
Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, дээл урлалын үзэсгэлэн худалдаа, үндэсний тоглоом наадгай зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бол хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хөгжмийн тоглолт ч мөн өрнөж байна.
“Дээлтэй Монгол” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд, залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төв хамтран зохион байгуулж байна.

