Харийн хөрсөнд бүтэн зуун гаруй жил хадгалагдсан, Буддагийн шарилтай холбоотой үнэт эдлэлүүдийг Хонконг дахь “Sotheby’s” дуудлага худалдаагаар худалдаалах гэж байгаа нь судлаачид, шашны хүрээнийхний эсэргүүцэл, ёс зүйн асуултыг дагуулж байна.
Эдгээр эрдэнэс нь Уттар-Прадеш муж дахь Пипрахвагийн суварганаас илэрсэн 1800 орчим сувд, бадмаараг, индранил, шар алт бүхий хээтэй нимгэн ялтас зэрэг үнэт эдлэлүүдээс бүрддэг. Уг суварга нь Буддагийн төрөлх нутаг Лумбинийн ойролцоо байрладаг.
Археологийн судалгаагаар тэдгээр эд өлгийн зүйлс нь Буддагийн ясны хамт хадгалагдаж байсан гэж үздэг. Одоо энэхүү үнэт олдворуудыг зах зээл дээр борлуулах гэж буй нь олон хүний хувьд шүтээний зүйлсийг худалдаанд оруулах нь ёс зүйн хувьд зохимжтой юу? гэсэн эргэлзээг төрүүлж байна.
Хувийн цуглуулгаас худалдаанд
1898 онд англи менежер Уильям Клэкстон Пеппэ Пипрахвад орших суваргыг малтаж, Буддагийн ястай хамт хадгалагдаж байсан шүтээний эдлэлүүдийг илрүүлжээ. Шарилууд нь тухайн үед Сиамын хаан (одоогийн Тайланд) болон Шри Ланк, Мьянмар зэрэг орнуудад тараагдан тахигдаж эхэлсэн бол үнэт эдлэлүүдийн нэг хэсэг Пеппэгийн гэр бүлд үлдсэн байна.
Эдгээр үнэт зүйлс нь Буддагийн Сакья овгийн удам болон дэлхийн бүх буддистуудын соёл, шүтлэгийн өв гэж олон эрдэмтэн үздэг. Тиймээс шүүмжлэгчид үүнийг ашгийн зорилгоор борлуулах нь түүхэн болон шашны үнэ цэнийг гуйвуулж байна гэж мэдэгдэв.
“Эд зүйлс үү, эсвэл ариун шүтээн үү?”
Дели хотын урлагийн түүхч Наман Ахуя:
“Буддагийн шүтээн гэж тооцогддог зүйлсийг үнэт эдлэл мэт авч үзэх нь зохимжтой юу? Хэрэв тийм биш бол тэдгээрийг худалдах эрх хэнд байгаа юм бэ?” гэж асуужээ.
Харин Пеппэгийн ач зээ Крис Пеппэ гэр бүл нь эдгээр зүйлийг бэлэглэх боломжийг судалсан ч тохиромжтой гарц олдоогүй гэж тайлбарласан. Түүний үзэж байгаагаар дуудлага худалдаа нь хамгийн “шударга, ил тод хэлбэр” гэнэ.
“Sotheby’s”-ийн мэргэжилтнүүд үнэт зүйлсийн гарал, хууль ёсны байдал, эзэмшлийн түүхийг нягтлан судалсан гэж мэдэгдсэн.
Буддын шашинтнуудын эсэргүүцэл
Лондон дахь Британи Махабоди Төвийн төлөөлөгч Амал Абейавардене:
“Буддагийн сургаал ёсоор бол хүний зөвшөөрөлгүй эд зүйлсийг авч болохгүй. Түүхийн эх сурвалжуудаар бол эдгээр шүтээнийг Сакья овогт хүлээлгэн өгч, Буддагийн шавь нарынх нь тахилд зориулан хадгалуулахаар болсон.”
SOAS Их сургуулийн профессор Ашли Томпсон, куратор Конон Чеонг нар:
“Хүний үлдэгдэл гэж тооцогдохуйц эд зүйлсийг худалдах нь зохимжтой юу? Хэн энэ асуудлыг шийдэх эрхтэй вэ? Зарим буддист практикчдын хувьд эдгээр эрдэнэс нь үнэндээ Буддагийн яс, үнс тостой хамт байсан учир нэгэн бүхэл зүйл юм.”
“Колоничлолын өв соёлын худалдаа”
Зарим эрдэмтэн энэ худалдааг колоничлолын үед хулгайлагдсан соёлын өвийн үргэлжлэл гэж үзэж байна. Томпсон, Чеонг нарын хэлснээр:
“Дуудлага худалдаагаар эдгээр шүтээнүүдийг ‘үнэт эдлэл’, ‘Европчуудын сонирхлын объект’ гэж нэрлэснээр түүхэн дурсгалт шинжийг нь үгүйсгэж, буруу утгаар тайлбарласан.”
Гэвч Крис Пеппэ:
“Эдгээр үнэт эдлэлүүдийг биеийн шүтээн гэж үздэг буддисттай би таараагүй. Энэ бол барууны их сургуульд ажилладаг цөөн эрдэмтдийн үзэл” гэж хариулсан.
Тэрбээр мөн:
“Хандив өргөх оролдлого олон удаа хийсэн ч сүм хийдүүд, музейнүүдтэй холбоотойгоор практик хүндрэлүүд гарсан. Тиймээс дуудлага худалдаа нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна” гэжээ.
Соёлын өмчийн асуудал дахин сөхөгдөв
Энэхүү асуудал Koh-i-Noor алмаазны маргааныг дахин сануулж байна. Олон Энэтхэг иргэд тэр алмаазыг хулгайлагдсан гэж үздэг бол зарим нь Буддагийн үнэт зүйлс ч мөн адил буцаан өгөх ёстой гэж үзэж байна.
Урлаг судлаач Наман Ахуя:
“Ийм онцгой, дахин давтагдашгүй, соёлын түүхийн гол хэсгийг бүрдүүлдэг эд өлгийн зүйлсийг заавал буцааж өгөх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн.
