Монгол Улсад жил бүр 20 мянга орчим залуу хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлдэг ч үүнээс 17 мянга нь салж буй статистик байдал нийгмийн анхаарлын төвд орж байна. Энэ нь гэр бүл — нийгмийн хамгийн жижиг бөгөөд суурь нэгжийн тогтвортой байдалд ноцтой сорилт тулгарсныг илтгэж буй хэрэг.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүнийг онцлон дурдсан бол Үндэсний статистикийн хорооны мэдээллээр зөвхөн 2024 онд л гэхэд 14,225 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4,436 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр дунджаар 12 хос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж байгаа гэсэн үг.
Үүнээс гадна бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаад салж буй хосуудын тоо тодорхойгүй хэвээр байгаа нь нийт гэр бүл салалтын бодит дүр зураг бүр ч ноцтой байж болзошгүйг харуулж байна.
Гэр бүл салалтын гол шалтгаанууд:
- Гишүүд хариуцлагаа ухамсарлаагүй
- Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
- Санхүүгийн хүндрэл, амьжиргааны баталгаагүй байдал
- Шилжилт хөдөлгөөн
- Архидалт, муу зуршил
- Гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт
- Хүчирхийлэл, дарамт шахалт
- Үл ойлголцол, харилцааны зөрчил
Эдгээр хүчин зүйлс гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, боловсрол, сэтгэлзүйд урт хугацааны хор хөнөөл учруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Гэр бүлийн үнэ цэнийг сэргээх, залуу хосуудад зориулсан харилцаа, сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгцээ илүүтэй тулгамдаж байгааг энэхүү үзүүлэлтүүд тод томруун харуулж байна.