27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Алтны үнийн түүхэн өсөлт ба Монголын эдийн засгийн шинэ боломж

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн үед алт дэлхийн зах зээлд хамгийн их анхаарал татаж буй үнэт металл болж, хөрөнгө оруулагчид, арилжаачид төдийгүй дэлхийн төв банкуудын сонирхлыг ихээр татаж байна. Эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал нөхцөл байдал нь алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Алтны эрэлт огцом өсөв

2025 оны гуравдугаар сараас эхлэн алтны эзэмшил нэмэгдэх хандлагатай болсон нь зах зээлийн хэлбэлзэл, эдийн засгийн тогтворгүй байдалтай шууд холбоотой. Goldman Sachs Research байгууллагын үзэж байгаагаар алтны үнэ урт хугацаанд ч өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Гол хөдөлгүүр нь төв банкуудын тасралтгүй худалдан авалт бөгөөд энэ хандлага дараагийн гурван жилд үргэлжлэх магадлалтай хэмээн судлаач Лина Томас онцолжээ.

2022 оноос хойш Лондоны OTC зах зээл дээр төв банкуудын худалдан авалт таван дахин нэмэгдсэн бол хөгжиж буй орнууд нөөцөө нэмэгдүүлэх замаар хөгжингүй орнуудын түвшинд хүрэх зорилготой ажиллаж байна. Хятад, Турк зэрэг орнууд АНУ-ын долларын нөлөөнөөс ангид байхыг зорьж, алтыг гол нөөцийн хэрэгсэл болгож байна.

Санхүүгийн байгууллагуудын байр суурь

  • Goldman Sachs: 2025 оны эцэст унц алтны үнэ 3,700 ам.доллар
  • J.P. Morgan: 2026 оны хоёрдугаар хагас гэхэд 4,000 ам.доллар
  • ANZ: 2025 онд 3,600 ам.доллар
  • Saxo банк: 3,500 ам.доллар гэж тус тус таамаглаж байна

Эдгээр таамгуудын ард төв банкуудын худалдан авалт, долларын сулрал, эдийн засгийн удаашрал, геополитикийн эрсдэл зэрэг нөлөө хүчин зүйлс багтаж буйг шинжээчид тэмдэглэжээ.

Монгол Улсын алтны стратегийн гарц

Монгол Улс 2024 оны байдлаар 440 тонн баталгаатай алтны нөөцтэй бөгөөд үүний 400 тонн нь үндсэн орд, 40 тонн нь шороон ордод хамаарна. Сүүлийн таван жилд дотоодын зах зээлээс дунджаар жилд 20 орчим тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцөө 900 сая ам.доллараар нэмэгдүүлжээ.

Засгийн газар “Алт-3” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, дараах зорилтыг дэвшүүлээд байна:

  • Хайгуул хийгдсэн, эдийн засгийн үр ашигтай алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах
  • Эрдэнэс Монгол ХХК-ийн төслүүдийг нэн даруй эхлүүлэх
  • Монголбанкинд алт тушааж буй ААН-үүдийн татвар ногдуулах босгыг нэмэгдүүлэх
  • Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй олборлогчдыг орон нутгийн хэмжээнд дэмжих

2024 онд Монголбанк 16.4 тонн алт худалдан авсан бөгөөд 2025 онд энэ тоо 20 тонн хүрнэ гэж тооцоолж байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл ойрын хоёр жилд шороон ордын олборлолт 20–30 хувиар өсөх боломжтой юм. Мөн 45 алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал, жил бүрийн алт тушаалт 10 тонноор нэмэгдэх тооцоо бий.

Эдийн засгийн нөхцөл алтны өсөлтийг дэмжиж байна

Инфляц удаан үргэлжилж, хүүгийн түвшин буурах хандлагатай байгаа нь алт хадгалах зардлыг бууруулж, эрэлт нэмэгдэх суурь нөхцөл болж байна. Үүний зэрэгцээ худалдааны маргаан, геополитикийн зөрчил, АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал нь алтны “аюулгүй хөрөнгө” гэсэн байр суурийг улам бүр бататгаж байна.

Нөгөөтэйгүүр, алт олборлолтын шинэ төслүүд хомс, зардал өндөр байгаа нь нийлүүлэлтийг хязгаарлаж, үнийг дэмжих өөр нэг хүчин зүйл болж байна.

Дүгнэлт

2025 онд алт санхүүгийн зах зээлийн гол анхаарлын төвд байх нь тодорхой байна. Монгол Улс уг таатай нөхцөл байдлыг эдийн засгийн боломж болгон хувиргахын тулд алтны олборлолтыг хариуцлагатай, тогтвортой байдлаар нэмэгдүүлэх, экспортын орлогоо өсгөх, гадаад валютын нөөцөө бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here