Лукашенко Путиний тайлбарыг сөрөв: Тэгвэл Орос газар нутгаа Монголд буцаах уу?

Францын “Le Point” сэтгүүл лхагва гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хийсэн ярилцлагаа олон нийтэд хүргэжээ.

Ярилцлагын үеэр 72 настай Лукашенко Украины газар нутаг өмнө нь Орост харьяалагдаж байсан гэх Владимир Путиний байр суурийн талаар өөрийн тайлбарыг өгсөн байна.

Түүхэн харьяаллыг өнөөгийн газар нутгийн шаардлагын үндэслэл болговол эцэс төгсгөлгүй маргаан үүсэж болзошгүйг тэр онцолж, Монголын түүхээр жишээ татжээ.

“Энэ газар нутаг анхнаасаа Оросынх байсан гэж хэлэх нь буруу. Нэгэн цагт Оросынх байсан байж болно. Гэхдээ илүү гүнзгийрүүлж яривал Оросын газар нутаг Монголчууд, Татаруудын мэдэлд байсан. Энэ тохиолдолд бид Оросын бүх газар нутгийг Монголд буцааж өгөх хэрэгтэй болно. Путин үүнийг маш сайн ойлгож байгаа” гэж Лукашенко ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин найруулагч Эмир Кустурицатай ярилцахдаа Украины газар нутгийг Оросын нэг хэсэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэр үеэр Путин мөн Монголын түүхийг хөндөж, монголчууд Хятадыг байлдан дагуулсан боловч эцэст нь тус улсын соёл иргэншилд ууссан гэх агуулгатай зүйл ярьсан байна.

Лукашенкогийн Монголын тухай дурдсан тайлбарыг ярилцлагын бүрэн бичлэгийн 40 минут 20 секунд орчмоос үзэж болно.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу