29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Ухаалаг гар утас бол шинэ үеийн “паразит” гэж эрдэмтэд үзэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Австралийн эрдэмтдийн үзэж байгаагаар, ухаалаг гар утас нь орчин цагийн хүний амьдралд салшгүй хэрэгцээ мэт болсон хэдий ч, бодит байдал дээр тэд бидний цаг хугацаа, анхаарлыг сорж, хувийн мэдээллийг ашиглан технологийн компаниуд болон сурталчилгаа түгээгчдэд ашиг авчирч байгаа шинэ үеийн “паразит” болж хувирсан байна.

Австралийн Үндэсний их сургуулийн философийн төвийн захирал, дэд профессор Рейчел Браун, мөн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн эволюцийн профессор Роб Брукс нарын тайлбарласнаар ухаалаг гар утас хүний хувьсал, өдөр тутмын амьдралд ямар сөрөг хэлбэрээр шингэж байгааг эволюцийн онолын үүднээс харж болно. Тэдний хэлснээр, энэ төхөөрөмж бидний анхаарлыг байнга өөртөө төвлөрүүлж, хэт их цаг зарцуулахад хүргэж, сэтгэлзүйн болон бие махбодын стресс үүсгэх хүчин зүйл болон хувирчээ.

Биологийн үүднээс “паразит” гэдэг нь өөр амьд биетээс ашиг хүртдэг ч, хохирогч биетдээ сөрөг нөлөө үзүүлдэг харилцаа гэж тодорхойлдог. Урьд өмнө бидний амьдралд паразитууд нь бөөс, хачиг, туузан хорхой мэт амьтад байсан бол орчин үед тэднийг “ухаалаг гар утас” орлоод эхэлжээ. Угтаа гар утас бидэнд мэдээлэл олж авах, харилцаа холбоо тогтоох, амьдралыг хялбаршуулах зэрэг эерэг нөлөөтэй мэт боловч, энэ харилцаа аажмаар хэт нэг тал руу хэлбийж, тэгш бус байдлыг бий болгож байна.

Хүмүүс олон тохиолдолд ухаалаг гар утсыг туслагч, дотны найз мэтээр хэрэглэдэг ч, үнэндээ гар утас нь хүний хувийн үйлдлийг хянах замаар хэрэглэгчийг хэрхэн үр дүнтэй “ашиглах”-аа сурсан системтэй механизм болж хувирсан. Хэрэглэгчийн мэдээлэл, зан төлөвийн хэв маягийг цуглуулан хадгалах, сошиал платформууд дээр хэт удаан байлгах зорилгоор алгоритм ажиллуулдаг аппликейшнүүд нь зүгээр ч нэг хөгжөөгүй. Хүмүүсийн өдөөгдсөн хариу үйлдэл, бухимдал, түргэн мэдрэмжийг ашиглан тэднийг хөтлөх, сурталчилгаа үзүүлэх, хэрэглээ рүү чиглүүлэх нь эцэстээ бизнесийн зорилгод үйлчилдэг механизм болж хувирчээ.

Эрдэмтдийн тайлбарласнаар, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ бидний сэтгэлгээ, ой тогтоолтод хүртэл сөргөөр нөлөөлж эхэлжээ. Бид өдөр тутмын жижиг зүйлсийг санахын оронд тэмдэглэж, зураг авч хадгалах болсон. Автомашинаа хаана тавьснаа ч утсаар бичиж сануулах нь хэвийн үзэгдэл болсон. Энэ нь мэдээлэлтэй ойр байх боломжийг олгож байгаа ч өөрийнхөө танин мэдэхүй, ой тогтоолын чадварыг сулруулж буй хэлбэр юм.

Уг асуудал нь зөвхөн хувь хүний түвшинд зогсохгүй, төрийн болон бизнесийн байгууллагуудын бодлоготой ч холбоотой болжээ. Үйлчилгээ, банкны систем, бүр төрийн үйлчилгээ хүртэл мобайл аппликейшнээр дамжуулан үзүүлдэг болсон нь хүнийг заавал ухаалаг гар утсанд “холбогдож” байж орших нөхцөл рүү чиглүүлж байна. Үүнийг Австралийн эрдэмтэд “иргэн утсаа авах тэр мөчөөс эхлэн ялагдаж эхэлдэг” хэмээн тодорхойлжээ.

Иймээс судлаачид төр засгийн байгууллагуудыг хэрэглэгчийг донтолтод хүргэдэг аппликейшнүүдийн зарим үйлдлийг хуульчлан хязгаарлах, тухайлбал сошиал платформд хандалтын насыг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнээс гадна хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, зар сурталчилгаанд ашиглах үйлдлийг зохицуулах шаардлагатай гэж үзжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here