Монгол Улс болон Туркменистан Улс сүүлийн хоёр жилд өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг зохион байгуулснаар харилцаагаа шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааны хүрээг эрчимтэй өргөжүүлж байна. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлийн хэлснээр, хоёр орны төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийснээр олон салбарт үр дүнтэй, бодит ажил хэрэгч хамтын ажиллагааны суурийг тавьжээ.
Тухайлбал, 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистанд айлчилж, 2025 онд Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцан итгэлцэл, улс төрийн харилцааг бэхжүүлжээ. Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр 14 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Шинээр байгуулсан “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо”, “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо” зэрэг байгууллагууд хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болсон байна. Мөн хоёр дахь удаагийн бизнес форум зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид эдийн засгийн хамтын ажиллагааг төрөлжүүлэх талаар санал солилцжээ.
Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов айлчлалын үеэр Улаанбаатар, Ашхабад хотуудын ах дүү хотын харилцаа тогтоосныг онцолсон нь хотуудын түвшинд хамтран ажиллах өргөн боломжийг нээж байгаа юм. Туркменистан улс хөвөн даавуу, сүлжмэл эдлэлийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуй, барилгын материалын экспорт ч өргөн цар хүрээтэй хөгжсөн. Тиймээс Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн Туркменистаны зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзэж байна.
Мөн тус улс байгалийн хий, газрын тосны томоохон нөөцтэй тул эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзжээ. Байгалийн хийн олборлолтоороо дэлхийд 10-д, нөөцөөрөө 4-д эрэмбэлэгддэг Туркменистан нь эрчим хүчний салбарт бүс нутгийн томоохон тоглогчдын нэг юм.
Харин худалдааны өнөөгийн түвшинг авч үзвэл, хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа хангалтгүй байгаа бөгөөд 2024 оны байдлаар Монгол Улсаас Туркменистан руу экспорт хийгдээгүй, харин манай улс 25 мянган ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ. Цаашид мах, сүү, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, Туркменистанаас хивс, гар урлалын бараа оруулж ирэх боломжтойг судлаач онцолж байна.
Түүх, соёлын хувьд ч хоёр ард түмэн нүүдлийн соёл иргэншлийн ижил үнэт зүйл дээр тулгуурлаж, найрамдалт харилцаагаа улам бүр хөгжүүлэх суурьтай гэж дүгнэв.