Air India компанийн Лондонгийн Гатвик нисэх буудал руу чиглэж байсан зорчигч тээврийн онгоц пүрэв гарагт Энэтхэгийн баруун хэсэгт орших Ахмедабад хотын ойролцоо хөөрсний дараахан осолдлоо. Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор бүрэн гараагүй байгаа ч бидний мэдэж буй дараах мэдээллүүдийг нэгтгэлээ.
Онгоц хэзээ, хаана осолдсон бэ?
Air India компанийн AI171 нислэг орон нутгийн цагаар 13:39 (08:09 GMT) цагт Ахмедабадын Сардар Валлаббхай Пателын олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 18:25 BST цагт Лондонгийн Гатвикт газардахаар төлөвлөгдөж байжээ. Онгоц хөөрснөөс хэдхэн хормын дараа Ахмедабад хотын Meghani Nagar хэмээх орон сууцны бүсэд байрлах эмч нарын дотуур байр руу унасан байна.
FlightRadar24 сайтын мэдээллээр онгоц 625 фут (190 метр) өндөрт хүрсний дараа дохио тасарсан. Энэ үед онгоц нислэгийн удирдлагад “mayday” буюу аюулын дохио илгээсэн ч хариу ирээгүй юм.
Ослын газар дээр авсан баталгаатай бичлэгүүдэд хар утаа тэнгэрт цугларсан харагдаж байгаа бөгөөд оршин суугчид амь аврагсдыг эрэн хайж буй зураг дүрслэлтэй байна.
Онгоцонд хэн байсан бэ?
Air India-ийн мэдээлснээр, онгоцонд 242 зорчигч ба нисэх багийнхан байсан. Үүнээс:
- 53 нь Их Британийн иргэн
- 169 нь Энэтхэгийн иргэн
- 7 нь Португалын иргэн
- 1 нь Канадын иргэн
Нийт суудлын тоо: 256
Ослын улмаас шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүд рүү яаралтай хүргэж байгаа бөгөөд Гужарат мужийн захирагч “дайны түвшний аврах ажиллагаа” явуулах үүрэг өгсөн байна.
Онгоц ямар загвар байсан бэ?
Осолдсон онгоц бол Boeing 787-8 Dreamliner загварынх бөгөөд уг загвар 14 жилийн өмнө нэвтэрсэн. Энэ нь Dreamliner загварын анхны ийм төрлийн томоохон осол болж байна. Boeing компани мэдэгдэлдээ:
“Бид Air India-тай холбоотой байж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Бид зорчигчид, багийнхан, аврагчид болон бүх хохирогчдын төлөө сэтгэл зовниж байна.” гэжээ.
Албан ёсны мэдэгдлүүд
Air India албан ёсоор X (хуучнаар Twitter)-д осол болсон талаар мэдээлж, нислэгтэй холбоотой яаралтай тусламжийн төв, зорчигчдын ар гэрт зориулсан тусгай утасны шугам (1800 5691 444) нээжээ.
Air India-ийн дарга Натаржан Чандрасекран:
“Бид аврах ажиллагаанд бүх хүчээ дайчилж, хохирогчдод шаардлагатай тусламжийг хүргэхэд анхаарч байна.”
Энэтхэгийн иргэний нисэхийн сайд Рам Мохан Найду Кинжапару:
“Агаарын тээвэр, онцгой байдлын бүх байгууллагуудад нэгдсэн, шуурхай арга хэмжээ авах үүрэг өгсөн.”
Их Британийн Гатвик нисэх буудал зорчигчдын ар гэрт зориулсан хүлээн авах төв ажиллуулж эхэлсэн бөгөөд консулын туслалцаа хэрэгтэй иргэдэд 0207 008 5000 дугаараар холбогдохыг зөвлөж байна.
Олон улсын хариу үйлдэл
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди:
“Энэхүү осол үнэхээр сэтгэл өвтгөм. Би холбогдох албаныхантай холбоотой ажиллаж байна.”
Их Британийн Ерөнхий сайд Киэр Стармер:
“Ахмедабадаас ирж буй дүр зургууд маш аймшигтай. Би байдалд байнга хяналт тавьж байна.”
Гадаад хэргийн сайд Дэвид Ламми:
“Бид Энэтхэгийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, бодит мэдээллийг олж авах, тусламж хүргэхээр ажиллаж байна.”
Баккингемийн ордон мэдэгдэлдээ Хаан уг ослын талаар байнга мэдээлэл авч байгааг дурджээ.