2025 оны зургадугаар сарын 16-17-ны өдрүүдэд Канадын Кананаскис тосгонд болсон “Их Долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал байв. Уулзалтад оролцсон дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурваст яаралтай гал зогсоохыг уриалахын сацуу бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай байгаагаа илэрхийлсэн. Мөн мэдэгдэлд “Израил өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй” гэдгийг онцолсон ч Иран, Израилийн хоорондын шууд зөрчлийг таслан зогсоох тухай тодорхой санал дэвшүүлээгүй юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус мэдэгдэлд гарын үсэг зурсан ч чуулганы эхний өдөр хурцадмал нөхцөл байдлын улмаас уулзалтыг орхин нутаг буцсан. Тэрээр “томоохон асуудлын шалтгаанаар” буцаж буйгаа мэдэгдсэн боловч энэ нь гал зогсоох асуудалтай холбоогүй хэмээн онцолжээ. Энэ нь Трампын хувьд “Их Долоо”-гийн чуулганаас хоёр дахь удаагаа дутуу гарч буй явдал бөгөөд 2018 онд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахаар мөн ийм алхам хийж байв.
Трампын оролцоогүй байдлаас шалтгаалан Украины ерөнхийлөгч В.Зеленский, Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нартай хийхээр товлогдсон уулзалтууд цуцлагдсан. Израил, Иран хоёрын хооронд болсон агаарын довтолгооноос хэдхэн хоногийн дараа Трамп чуулганыг дуусгалгүй орхиж, Ираны нийслэл Тегераны оршин суугчдад яаралтай нүүлгэн шилжихийг уриалсан нь АНУ Израилын ажиллагаанд шууд оролцож болзошгүй гэсэн таамгийг хүчтэй болгожээ. Гэсэн ч Америкийн эрх баригчид уг таамгийг эрс няцаасан байна.
АНУ-д эргэн ирсний дараа Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, нийгмийн сүлжээгээр хурц мэдэгдлүүд хийн, Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменей хаана байгааг мэдэж байгаагаа илэрхийлсэн ч “одоохондоо” хөнөөх бодолгүй байгаагаа дурдсан. Мөн тэрээр Ираныг “болзолгүйгээр бууж өгөхийг” уриалжээ. Axios болон бусад мэдээллийн эх сурвалжуудын мэдээлснээр Трамп Ираны цөмийн байгууламж, тэр дундаа Фордов хотын ойролцоо газрын гүнд байрлах уран баяжуулах төвд цохилт өгөх асуудлыг судалж байгаа аж. Түүнд зориулан АНУ “Бункер Бастер” хэмээх газрын гүнд нэвтэрдэг бөмбөг ашиглаж магадгүй талаар мэдээлжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ч мөн Трампыг хатуу арга хэмжээ авч болзошгүй талаар мэдэгдэж, “энэхүү шийдвэрийг зөвхөн Трамп л гаргана” хэмээн онцолсон байна.
Олон улсын тавцанд ч энэ асуудал өрнүүн хэлэлцэгдэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын дэд төлөөлөгч Фархан Хак нөхцөл байдлыг улам даамжруулах бүхий л үйлдлийн эсрэг байр суурь илэрхийлсэн бол Хятадын дарга Ши Жиньпин бүс нутагт энх тайван тогтоохын төлөө ажиллахыг бүх талуудад уриалж, Хятад улс энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Харин Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Израилын довтолгоог тус улсын Ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн хорт бодлогын нэг хэсэг хэмээн үзэж, Газын зурваст өрнөж буй хүмүүнлэгийн хямрал, геноцид далдлагдаж болохгүй гэж мэдэгдсэн байна.
Трамп чуулганыг орхисны дараа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент түүнийг орлон уулзалтад оролцож, Трампын тарифын бодлогын талаар хэлэлцсэн байна.
Чуулганы хоёр дахь өдөр “Их Долоо”-гийн удирдагчид Украин улсад дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “бидний анхаарал Ойрхи Дорнод руу чиглэж буй хэдий ч, Украинд хандсан дэмжлэг маань хэвээрээ байна” хэмээсэн. Уулзалтыг зохион байгуулсан Канадын Ерөнхий сайд Марк Карни Украины ерөнхийлөгчтэй уулзаж, 1.4 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд дэд бүтцийг нь сэргээхэд 2.3 тэрбум канад долларын зээл олгохоор болсныг зарласан. Мөн Их Британитай хамтран Оросын “сүүдрийн хөлөг онгоцуудын” эсрэг хориг арга хэмжээг чангатгахаар тохиролцсон бол Британийн Ерөнхий сайд Кир Стармер Оросын эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь ямар нэгэн албан ёсны баримт бичиг гаргахгүй гэдгээ арга хэмжээ эхлэхийн өмнө зарласан явдал байв.