2024 оноос хойш мал хулгайлах гэмт хэргийн тоо эрчимтэй өссөөр байна. Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 2024 он болон 2025 оны нэгдүгээр улиралд нийт 1992 удаа бүртгэгдсэн байна. Энэ нь хөдөөгийн бүс нутагт эрх зүйн хариуцлагын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.
Эдгээр гэмт хэрэгтэй холбогдуулан нийт 623 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан бөгөөд хэрэг үйлдсэн хүмүүсийн нас, хүйс, ажил эрхлэлт зэрэг үзүүлэлтээс харахад тодорхой чиг хандлага ажиглагдаж байна.
Гэмт хэргийн газар зүйн тархалт:
Хэнтий аймаг мал хулгай хамгийн их гарсан бүс болж, нийт 361 хэрэг бүртгэгджээ. Үүний дараагаар Дорнод (288), Архангай (239), Увс (210), Сүхбаатар (106) аймгууд оржээ. Харин нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрханд 109, Баянзүрхэд 75, Хан-Уулд 61, Налайх, Багахангай дүүрэгт тус бүр 23 хэрэг бүртгэгдсэн байна.
Хэрэгт холбогдогчдын бүтэц:
Яллагдагчаар татагдсан 623 хүний 5 нь 18 нас хүрээгүй, 227 нь 18–30 насныхан, 296 нь 31–44 насныхан, 95 нь 45-аас дээш насныхан байна. Хүйсийн хувьд 601 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй байгаа бол, 623 хүний 560 нь тогтмол ажилгүй, харин 63 нь ажил эрхэлдэг хүмүүс байжээ.
Эдгээр тоон үзүүлэлтүүд нь мал хулгайлах гэмт хэрэг нийгмийн тодорхой хэсэг, ялангуяа ажилгүй, орлогогүй иргэдийн дунд өндөр тархаж байгааг харуулж байна. Хөдөөгийн амьдралын түвшин, хуулийн хэрэгжилт, цагдаагийн хяналт сул байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг үргэлжлэх шалтгаан болж буйг албаныхан онцолж байна.
Ийм олон хэрэг гарч байхад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй!