Сүүлийн үеийн нэгэн шинэлэг судалгаагаар бохь зажлах үед хүний аманд хэдэн зуун бичил хуванцар ялгарч, хүний биед шууд нэвтэрч байдаг нь тогтоогдсон байна. Калифорнийн их сургуулийн судлаачид 10 төрлийн бохь дээр туршилт хийж, тус бүрээс долоон ширхэгийг зажлуулсны дараа шүлсийг шинжлэхэд, нэг грамм бохь дунджаар 100 ширхэг бичил хуванцар ялгаруулж байжээ. Зарим тохиолдолд энэ тоо 600-д хүрсэн байна.
Судалгааг ахалсан профессор Санджай Моханти “энэ нь хүмүүсийг айлгах гэсэн оролдлого биш, харин бичил хуванцар хүний биед хэрхэн нэвтэрч байгааг харуулах зорилготой” гэж онцолсон юм. Хүн жилд дунджаар 180 бохь хэрэглэдэг гэж үзвэл, жил бүр 30,000 орчим бичил хуванцар залгиж байж болзошгүй аж.
Бохь — резин биш, хуванцар бүтэцтэй бүтээгдэхүүн
Ихэнх бохь нефтийн гаралтай синтетик полимер буюу хуванцар бүтэцтэй бодисоор хийгддэг. Энэ нь зажлуур шинжийг бий болгодог гол найрлага юм. Гэвч бохины савлагаанд “хуванцар” гэж тодорхой бичдэггүй бөгөөд “бохь суурьтай” гэж ерөнхийлсөн байдлаар бичдэг.
Судалгаанд оролцсон судлаач Лиза Лоу байгалийн болон хиймэл орцтой 10 төрлийн бохийг туршихад бүгд бичил хуванцраар дүүрэн байсан нь анхаарал татав. Харин Британийн Портсмутын их сургуулийн эрдэмтэн Дэвид Жонс “бохинд автомашины дугуй, хуванцар уут, сав зэрэгтэй адил бүтэцтэй бодис ордог гэдгийг мэдээд олон хүн цочирддог” хэмээн хэлжээ.
Эрүүл мэндэд нөлөөлөх үү?
АНУ-ын Чихрийн Үйлдвэрлэгчдийн Холбоо уг судалгаанд хариу мэдэгдэл гаргахдаа “бохь 100 гаруй жилийн турш аюулгүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд түүний орц найрлагыг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа албан ёсоор баталгаажуулсан” гэж онцолсон байна.
Гэсэн ч бичил хуванцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бүрэн тогтоогдоогүй байгаа ч, хүний биед нэвтэрч байгаагүй гэж үгүйсгэх аргагүй. Өмнө нь бичил хуванцар хүний уушги, тархи, цусанд хүртэл илэрч байсан тухай олон улсын эрдэмтэд анхааруулж байсан.
Энэ судалгаа нь бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн мэт санагдах зүйлс ч урт хугацаандаа эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болохыг харуулж байна.
