Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Бээжин хотноо зохиогдож буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээнд дахин алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, хоёр мөнгөн медалийн эзэн болцгоожээ.
Эрэгтэйчүүдийн 107 кг-ийн жинд хүч сорьсон Э.Содномпилжээ 232 кг жинг цээжнээс амжилттай шахаж, алтан медалийн эзэн болж, Бээжингийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэв. Түүний хувьд энэ нь Дэлхийн цомын тэмцээнээс хүртэж буй долоо дахь алтан медаль юм.
Энэхүү амжилт нь түүний олон жилийн уйгагүй хөдөлмөр, ур чадварын тод илэрхийлэл бөгөөд Монголын пара спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг харуулж байна.