Мексикийн Синалоа мужийн төв Кулиакан хотод хар тамхины картелуудын хоорондын цуст дайн гаарч, нэг өдрийн дотор 20 хүний амь насыг хохироосон балмад хэргүүд гарлаа. Даваа гарагт тус хотын гүүрнээс толгойгүй дөрвөн цогцос дүүжлэгдсэн байдалтай олдсон нь хүчирхийлэл хэр аймшигтай түвшинд хүрснийг илтгэж байна.
Хожим тэдгээр цогцосны толгойнууд гялгар уутанд хийсэн байдалтай ойролцоох газраас олдсон бөгөөд энэ бүхэн Синалоа картелын хоёр фракц — Лос Чапитос болон Ла Майза — хоорондын дайнтай холбоотой болохыг эрх баригчид таамаглаж байна.
Мөн тэр өдөр авто зам дээр зогссон фургон автомашины дотроос 16 хүний шархдаж алагдсан цогцос илэрсний нэг нь мөн толгойгүй байсан юм. Зарим цогцосны дэргэд хэн нэг фракцын орхисон анхааруулга бүхий зурвас байсан ч түүний агуулгыг прокурорын газар олон нийтэд дэлгээгүй байна.
Картелуудын хоорондын тэмцэл сүүлийн саруудад өдрөөс өдөрт ширүүсч, хотын гол гудамж, нийтийн үйлчилгээ, сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоох болтлоо айдаст автжээ. Мотоцикл хөлөглөж, баг зүүсэн зэвсэгт этгээдүүд хотын хяналтыг авсан гэх мэдээлэл ч байна.
Синалоа мужийн хэвлэлийн төлөөлөгч Фелисиано Кастро “Энэхүү харгис хүчирхийлэл бол олон жил үргэлжилсэн картелуудын дайны хүнд үр дагавар юм. Эрх баригчид стратегиа эргэн харах хэрэгтэй болсон” хэмээн мэдэгджээ.
Энэхүү мөргөлдөөн 2024 оны есдүгээр сард Синалоа картелын хоёр фракцын хооронд үүссэн зөрчлөөс эхлэлтэй. Тус картелын хуучин толгойлогч, АНУ-ын шоронд хоригдож буй “Эль Чапо” хочит Хоакин Гузманы хүү өрсөлдөгч фракцын нэг толгойлогчийг барьж, хувийн онгоцоор АНУ-ын эрх баригчдад хүлээлгэн өгснөөр дайн эхэлсэн юм.