Сүүлийн таван жилийн статистик мэдээнээс үзэхэд Монгол Улсад бүртгэгдсэн усны ослын нийт тохиолдлын 69 хувь нь зуны улиралд гарсан бол, зөвхөн долдугаар сард бүртгэгдсэн осол нь 41 хувийг эзэлж буй нь эрсдлийн өндөр түвшинг харуулж байна.
Усны ослуудын дийлэнх нь Туул, Хэрлэн, Орхон зэрэг томоохон голуудад гарсан байна. Тухайлбал, нийт усны ослын 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд бүртгэгджээ. Үлдсэн тохиолдлууд нь 12 гол, 2 нуур болон 107 нэр бүхий бусад усны эх үүсвэрүүдэд гарсан бөгөөд эдгээр газруудад жилд нэгээс дээш удаа осол бүртгэгдэх хандлагатай байгаа аж.
Иргэдийн амь нас эрсдэхэд хүргэсэн гол шалтгаануудын дунд зориулалтын бус хийлдэг гудас, тоглоомон завь зэрэг дээр тоглож, хөвж байгаад живэх, мөн бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нар хяналтгүй орхих зэрэг хүндрэлтэй нөхцөл зонхилж байна. Ялангуяа хүүхдүүдийн хувьд усны эрэг дээр тоглож байгаад хөл алдан, амь насаа алдсан эмгэнэлт тохиолдол олон бүртгэгджээ.
2025 он гарсаар, зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар улс даяар усны ослын 39 тохиолдол бүртгэгдэж, 23 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 16 нь насанд хүрсэн хүн, 7 нь хүүхэд байжээ.
Энэхүү нөхцөл байдал нь зуны амралт, аяллын улиралтай давхцан аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлага нэмэгдсэнийг онцлон харуулж байна. Тиймээс иргэд, гэр бүлүүд гол усны эрэг орчимд амрахдаа хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, зориулалтын бус хэрэгслээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.