31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

ДЭМБ: Чихэрлэг ундаа, архи, тамхины үнийг 50 хувиар нэмэхийг уриаллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дэлхийн улс орнуудыг чихэрлэг болон согтууруулах ундаа, тамхинд ногдуулах татварыг ирэх 10 жилийн хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэхийг уриалж байна. Энэхүү уриалгыг тус байгууллага олон нийтийн архаг өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг хэмээн тодорхойлжээ.

ДЭМБ-ын дүгнэлтээр, татварын энэ төрлийн бодлого нь чихрийн шижин, хорт хавдар зэрэг аюултай өвчнүүдийн шалтгаан болдог бүтээгдэхүүний хэрэглээг багасгахын зэрэгцээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх үр ашигтай хэрэгсэл болно. Тус байгууллагын дэд захирал Жереми Фаррар “Эрүүл мэндийн татвар бол бидний хамгийн хүчтэй арга хэрэгслүүдийн нэг. Одоо л шийдэмгий арга хэмжээ авах цаг нь ирлээ” хэмээн онцоллоо.

Энэхүү санаачилгыг “3 by 35” хэмээн нэрлэсэн бөгөөд Испанийн Севиль хотод зохиогдож буй НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн бага хурлын үеэр олон нийтэд танилцуулав. ДЭМБ-ын тооцооллоор уг татварын бодлого нь дэлхийн улс орнуудад 2035 он гэхэд нийт 1 их наяд ам.долларын нэмэлт орлого олох боломжтой аж. Үүнийг Колумб, Өмнөд Африк зэрэг улс орны туршлагад тулгуурлан тооцсон байна.

Өмнө нь тус байгууллага тамхины татварыг өсгөхийг дэмжиж ирсэн бол сүүлийн жилүүдэд чихэрлэг болон согтууруулах ундаанд татвар ногдуулахыг ч санал болгож эхэлсэн. Харин энэ удаад анх удаа гурван төрлийн бүтээгдэхүүнд зэрэг 50 хувийн үнийн өсөлт оруулах зорилт дэвшүүлж байгаа нь онцлог юм.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус “Эдгээр татвараас төвлөрөх орлого нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлж, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгдэв.

Мөн 2012–2022 оны хооронд дэлхийн 140 орон тамхины үнийг дунджаар 50 гаруй хувиар нэмэгдүүлсэн гэдгийг тус байгууллага дурдлаа. Цаашид хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөж байгаа ч энэ нь хүнсний компаниудын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтайг онцолсон байна.

Bloomberg Philanthropies, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) зэрэг олон улсын байгууллагууд энэ санаачилгыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд татварын бодлого хэрэгжүүлэх сонирхол бүхий улс орнуудад бодлогын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here