Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нэгдүгээр шинэ тойрог авто зам”-ын санхүүжилтийн талаарх нарийвчилсан мэдээлэл өглөө. Түүний хэлснээр уг замын нэг км өртөг 37 сая ам.доллар байхаар тооцсон бөгөөд энэ нь өмнө нь баригдсан гүүрэн байгууламжтай авто замуудтай харьцуулахад илүү оновчтой зардалтай юм. Жишээлбэл, 2022-2024 онд ашиглалтад орсон Наадамчдын гүүр 480 метр урттай бөгөөд нийт 78 тэрбум төгрөгөөр босч, нэг км нь 43 сая ам.доллар болж байв. Зайсангийн гүүрийг хоёр эгнээтэйгээр 41 тэрбум төгрөгөөр барьсан нь нэг км-д 51 сая ам.долларын өртөгтэй байсан бол Олимпын гүүр зургаан эгнээтэй бөгөөд нэг км нь 52 сая ам.доллараар боссон байдаг.
Шинэ тойрог зам нь нийт 24.7 км урттай, үндсэн зургаан эгнээтэй бөгөөд зарим хэсэгтээ туслах дөрвөн эгнээ нэмэгдэхээр төлөвлөгдсөн. Гүүр, туннель, далан зэрэг нэмэлт байгууламжууд ч хамт баригдах юм. Энэхүү авто зам нь expressway буюу тасралтгүй, зогсолтгүй зорчих зориулалттай бөгөөд Монгол Улсад энэ төрлийн анхны хурдны зам болох онцлогтой.
Төслийн нийт өртөг 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн дэд бүтцийн шинэчлэл, газар чөлөөлөлт, техник хяналт зэрэг иж бүрэн зардлууд орсон. Санхүүжилтийн хувьд 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, үлдсэн 85 хувийг олон улсын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэгч байгууллага хариуцахаар тусгасан байна.
Энэхүү төсөлтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй олон улсын тендерийг 3 багц хэлбэрээр зарлаж, есдүгээр сар гэхэд шалгаруулалт хийгдэнэ. Ингэснээр 2025 оны намар гэрээ байгуулах болон бусад техникийн бэлтгэлийг хангаж, 2026 оны хавар барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хэрэгжилтээр Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувиар бууруулах бөгөөд өдөрт 183 мянган автомашин замаар зорчих боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн Туулын хурдны замтай хамт ашиглалтад орвол түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах үр дүн гарах тухай ТЭЗҮ-д тусгасан байна.