Их Британид эрдэмтэд удамшлын хүнд өвчнийг хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор гурван өөр хүний ДНХ ашиглан найман хүүхэд төрүүлснээ зарлалаа. Энэхүү амжилт нь хүний генийг эмчилгээний зорилгоор засварласан шинэ төрлийн IVF буюу хиймэл үр тогтоох аргыг анх удаа амьд төрөхүйц хүүхдэд амжилттай хэрэглэсэн түүхэн тохиолдол боллоо.
Туршилтыг Ньюкэслын Их сургууль (Их Британи) болон Монашийн Их сургууль (Австрали)-ийн эрдэмтэд хамтран гүйцэтгэсэн бөгөөд үр дүн нь анагаах ухааны хэд хэдэн нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Ийм төрлийн удамшлын митохондрын өвчин 5,000 төрөлт тутамд нэг тохиолддог ба хараа алдах, булчин сулрах зэрэг ноцтой үр дагавартай байдаг. Эдгээрийг эмчлэх тодорхой арга зам одоогоор байхгүй учраас урьдчилан сэргийлэх технологи эрдэмтдийн хувьд эрчимтэй судлагдаж байгаа чиглэл юм.
2015 онд Их Британийн эрх баригчид гурван хүний ДНХ ашиглан хүүхэд төрүүлэх журмыг анхлан баталсан. Үүний хүрээнд эхийн өндөг, эцгийн эр бэлгийн эс болон донор эмэгтэйн өндгөн эснээс маш бага хэмжээний митохондрын ДНХ авч, шинэ амьд организм бүрэлдүүлдэг. Хэдийгээр “гурван эцэг эхтэй хүүхэд” гэх ойлголт ёс зүйн маргаан дагуулж байсан ч хүүхдийн нийт ДНХ-ийн ердөө 0.1 хувийг донороос авдаг гэдгийг судлаачид онцолж байна.
Энэхүү шинэлэг эмчилгээг Зүүн хойд Английн Ньюкэсл хотын эмнэлгийн төвд хийлгэсэн 22 эмэгтэйгээс найман хүүхэд мэндэлсэн байна — дөрвөн хүү, дөрвөн охин. Одоогийн байдлаар хамгийн бага нь зургаан сартай, хамгийн том нь хоёр нас хүрчээ.
Тэдний дунд зургаан хүүхдийн митохондрын ДНХ-д илэрсэн мутацийн хувь хэмжээ 95–100 хувиар буурсан бол хоёр хүүхдийн хувьд энэ үзүүлэлт 77–88 хувьтай байгаа нь өвчин үүсгэх магадлал маш бага, аюулгүй түвшинд хүрсэн гэсэн үг.
Хүүхдүүд одоогоор эрүүл бойжиж байгаа ч тэдний биеийн байдал, удамшлын шинж тэмдгүүдийн илрэл зэргийг эрдэмтэд урт хугацааны туршид хяналтдаа байлгах юм.