“Egshin artger” урлангаас 6-12 насны хүүхдүүдийн унших сонирхлыг нэмэгдүүлж, мэдлэгийн хүрээг тэлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой “Мэдлэгийн арал” нэртэй уран зохиол, танин мэдэхүйн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү хөтөлбөр нь адал явдал, мэдлэгт дуртай хүүхдүүд төдийгүй тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулагдсан. Танилцуулах өдөрлөг энэ сарын 10, 12-нд “Egshin artger” урлангийн байранд болох бөгөөд оролцогчид номоор дамжуулан уран зохиол, шинжлэх ухаан, түүх, соёл, байгаль ертөнцийн олон сонирхолтой сэдэвтэй танилцах боломжтой.
Зохион байгуулагчдын хэлснээр “Мэдлэгийн арал” нь хүүхдэд өөрийгөө нээн илэрхийлэх чадварыг хөгжүүлэхээс гадна шинжлэх ухаанд тулгуурлан аливаад хандах хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Ингэснээр боловсролын мөн чанарыг ухамсарласан, судалгаанд дуртай ирээдүйн иргэдийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах аж.
Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны онцлогт тохируулан, цаг зав багатай үед ч мэдлэг олгох, тайлбарлан таниулах арга барилыг энэ хөтөлбөрөөс суралцах боломжтой юм байна.