5.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Нийгмийн даатгалын шимтгэлийг “шагайн наадам” болгосон улс төрийн тоглолт

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн өдрүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хуулийн өөрчлөлт оруулах тухай яриа улс төрийн хүрээний халуун сэдвүүдийн нэг боллоо. Нэг талаас иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулах, нөгөө талаас аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг багасгах нэрийн дор хэд хэдэн гишүүд уралдан “популист” санал, хуулийн төслүүд боловсруулж буй. Гэвч энэ бүхэн санхүүгийн сахилга бат, нийгмийн хамгааллын тогтолцооны бодит байдалтай хэр нийцэж байна вэ?

Шимтгэлийн бодит байдал

Өнөөдөр Монгол Улсад ажил олгогч 10.5–12.5%, ажилтан 9.5% буюу нийлээд 20–22 хувийн НДШ төлж байна. 2024 оны жилийн эцэст Нийгмийн даатгалын сангийн орлого 5.57 их наяд төгрөг, зарлага 5.42 их наяд төгрөгт хүрсэн. Ажил эрхлэгч 787 мянган иргэний талаас илүү нь хоёр сая төгрөгөөс доош цалин авч, шимтгэл төлж байгаа нь бодит байдал.

“Хуулийн шуурга” – Тал бүрээс санаачилсан төсөл

НДШ болон Хувь хүний орлогын албан татварт (ХХОАТ) хөндсөн хуулийн төслүүд улс төрчдийн хооронд нэгдмэл бодлого биш, харин өрсөлдөөний зэвсэг болж хувирсан. УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар бизнесийн орлоготой иргэдээс НДШ авахгүй байх, хоол унааны хөнгөлөлтөд шимтгэл тооцохгүй байх, ажил олгогчийн шимтгэлд дээд хязгаар тогтоох зэрэг саналууд тусгасан төсөл боловсруулсан. Гэвч БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэдний саналыг хэрэгжих боломжгүй хэмээн эрс няцаав.

Нөгөө талд Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж, иргэдийн талархал хүлээгээд байна. Гэсэн ч 2024 онд ХХОАТ-аар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрсөн нь нийт татварын орлогын 10 хувийг бүрдүүлдэг тул ийм өөрчлөлт нь бодит байдалтай нийцэхгүй гэсэн шүүмжлэл дагуулж байна.

Х.Ганхуяг нар шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх хуулийн төсөл боловсруулж буй. Уг төсөлд ХХОАТ-ыг орлогын түвшнээс хамааруулан 10–20 хувийн хооронд шаталсан байдлаар тооцох, хамгийн бага орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх зохицуулалт тусгагджээ.

Шимтгэлийг бууруулах нь шийдэл мөн үү?

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь өнөөдөр иргэдэд амар хялбар мэт санагдаж болох ч энэ нь ирээдүйд илүү том дарамт, нийгмийн хамгааллын хямрал үүсгэх эрсдэлтэй. Одоо тэтгэвэр авч буй иргэдийн зардал ажиллаж буй иргэдийн төлсөн шимтгэлээр бүрдэж байгаа. Гэтэл даатгуулагчдын тоо багасч, тэтгэвэр авагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь сангийн тогтвортой байдалд аюул занал болж эхэлсэн.

Жишээ нь, Герман, Швед, Франц зэрэг улс орнуудад ажил олгогч болон ажилтан нийлээд 30–40 хувийн шимтгэл төлдөг. Гэвч тэдний хувьд эрүүл мэнд, тэтгэвэр, ажилгүйдлийн үйлчилгээ өндөр чанартай, хүртээмжтэй байдаг.

Нийгмийн даатгал бол ирээдүйн баталгаа

Нийгмийн даатгал бол ирээдүйн баталгаа болохоос өнөөдрийн улс төрийн оноо цуглуулах “популист” хэрэгсэл биш. Тиймээс шийдэл нь шимтгэлийн хэмжээг бууруулах бус, системийн үр ашиг, хяналт, ил тод байдлыг сайжруулах, хувийн хэвшилтэй хамтрах механизмыг бүрдүүлэх, шимтгэлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах дээр төвлөрөх ёстой.

Мөн төрөөс хариуцан шимтгэл төлдөг зорилтот бүлэг — хүүхдээ асарч буй эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, малчид гэх мэт — бүлгүүдэд чиглэсэн бодлогын хүрээнд сангийн тогтвортой байдлыг хангах шинэчлэл шаардлагатай.

Дүгнэлт

Шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай ярьж байгаа бол даатгалын үйлчилгээг хэрхэн тогтвортой, чанартай хүргэх тухай хамт ярих ёстой. Улс төрийн уралдаан биш, олон нийтэд баталгаатай ирээдүй хэрэгтэй байна. Үнэхээр л иргэдийн амьдралыг бодож байгаа бол “дараа нь юу болох вэ?” гэсэн асуултыг асууж, хариулт өгөх цаг иржээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here