Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр уг хэлэлцээрийг улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа онцлов.
Сайд Л.Гантөмөр “Энэ бол шинээр санаачилсан зүйл биш. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон ‘Алсын хараа-2050’ хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан, төрийн бодлогоор баталгаажсан ажил” хэмээгээд, хэлэлцээ 2023 оны есдүгээр сараас эхэлсэн бөгөөд анхны шатны яриа хэлэлцээг тухайн үеийн сайд Ч.Хүрэлбаатар удирдаж байсан гэдгийг дурдлаа.
Хэлэлцээрийн явцад Монголын тал 23 нэр төрлийн бүтээгдэхүүний зохицуулалт нэмэлтээр тусгуулж, дотоодын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад анхаарсан гэдгийг сайд тодотголоо. Мөн 17 төрлийн бараанд татварын одоогийн нөхцөлөө хадгалсан байна.
“Монгол Улс нэг хөршөөс хамааралтай худалдааны бүтэцтэй болоод удаж байна. Ийм байдал алсдаа эрсдэл дагуулна. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд бид ОХУ, Казакстан болон Евразийн холбооны бусад гишүүн орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах боломжтой болж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа арьс, шир, ноос, ноолуурын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих суурь болох юм” хэмээн Л.Гантөмөр мэдэгдэв.
Түүнчлэн тэрбээр Монгол Улсын экспортын барааны хэмжээ одоогоор нэн бага байгааг дурдаад, “Хэрвээ бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, гурван тэрбум төгрөгийн бараа импортолж байгаа бол энэ нь алдагдал гэсэн үг. Гэтэл хэлэлцээрийн дагуу хэрвээ манай экспорт нэг тэрбум ам.долларт хүрч чадвал хоёр талын бизнесийн харилцаа илүү тэнцвэртэй болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Евразийн эдийн засгийн холбооны зүгээс авах татвар 10-40 хувиар буурах болсноор Монголын бараа, бүтээгдэхүүнүүд илүү өрсөлдөх чадвартай, татваргүй нөхцөлтэйгээр шинэ зах зээлд хүрэх боломж бүрдэнэ. Энэ нь дотоодын бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болохын зэрэгцээ экспортын бүтцийг төрөлжүүлэхэд түлхэц үзүүлэх хэмээн сайд үзэж байна.
Хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ нь дотоодын фермерүүдийн эрх ашгийг хамгаалах бодлоготой хослох ёстой
Евразийн түншлэлийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа өргөжих нь технологи, ноу-хау нэвтрүүлэхэд тустай. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний ил тод байдал чухал.
Хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч, энэ нь орон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй