32.2 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт 3 бүлэг этгээд холбогджээ
Тагнуулын Ерөнхий Газраас (ТЕГ) нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, банк болон санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч завшсан үйлдлийг илрүүлэн, уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.
Уг ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт хамаарах бөгөөд урьдчилсан байдлаар Монгол Улсын иргэд “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй гурван бүлэг этгээд холбогдон шалгагдаж байна.
Хуурамч баримтаар 290 иргэний нэрийг ашигласан байжээ
Шалгалтаар дээрх бүлэг этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг өндөр цалинтай ажилтнаар бүртгэж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэт хуурамч баримт үйлдсэн нь тогтоогджээ. Тэд уг мэдээллээ нийгмийн даатгалын цахим санд оруулахын тулд холбогдох албан тушаалтнуудад хахууль өгч, хууль бус аргаар системд нэвтэрсэн байна.
17 аж ахуйн нэгжийн нэрийг ашиглаж, 97 байгууллагаас зээл авчээ
Хуурамч бүртгэл үүсгэж, үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуйн нэгжийн нэрийг ашиглан, нийтдээ арилжааны 9 банк болон 88 банк бус санхүүгийн байгууллагаас 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулж авсан байна.
Одоогоор ТЕГ-аас уг хэрэгт холбогдох этгээдүүдийн хуйвалдаан, хахууль өгөх хэлхээ холбоог тодруулах, мөн бодит хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.





