Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон ажлын албаны төлөөлөл өнөөдөр /2025.04.23/ Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.
Айлчлалын эхэнд тэрбээр Хөдөө аж ахуйн их сургуульд очиж, тус сургуулийн захирал Д.Гүрбазар болон Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох нарын удирдлагуудтай уулзан, сургуулийн бүтэц, сургалтын бодлого, инновацын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонссон юм. Тус сургууль Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 16 бодлогын чиглэлийн хүрээнд 620 зорилтыг хэрэгжүүлж буй бөгөөд түүний явцтай танилцууллаа.
Мөн мал аж ахуй, технологи, гарааны бизнесийг дэмжих хүрээнд ажиллаж буй таван компанийн туршлага, гарааны бизнесийн хөтөлбөрийн талаар танилцуулав. Инновацын хууль, мэдээллийн технологийн хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцсон бөгөөд хөдөө аж ахуйн технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг ч мөн онцолж байлаа.
Дараагийн зочилсон байгууллага нь Шинжлэх ухаан, технологийн их сургууль байв. Энд Байнгын хорооны даргыг тус сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, профессор Р.Бадмаанямбуу нар хүлээн авч уулзсан бөгөөд сургуулийн шинжлэх ухаан, технологийн хуулийн хэрэгжилт, инновацын бодлого, дижитал шилжилтийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр инновацын орчны эрх зүйн нөхцөл, хүний нөөцийн чадавхи, санхүүжилтийн хүртээмжгүй байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг багш, судлаачид онцлон тэмдэглэв.
Айлчлалын төгсгөлд Ж.Золжаргал тус сургуулийн цахим номын сан болон MUST HUB хамтын оффисын үйл ажиллагааг үзэж сонирхлоо.