УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хүрээнд иргэн бүрт хуримтлалын данс нээж, уг хуримтлалыг эрүүл мэнд, боловсрол болон орон сууцны хэрэгцээнд ашиглах зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
“Ирээдүй гэсэн сайхан үг л яриад байна. Өнөөдөр бодит амьдрал ямар байгаа юм бэ. Та үүнд санаа зовж байна уу. Баялаг бүтээх сан гэж ярихаас илүү өнөөдөр ард түмний амьдралыг та яая гэж бодож байна вэ. Та төрд 6 жил өндөр, дээд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар тав дахь жилдээ ажиллаж байна. Та хэтэрхий вакуумжаад, амьдралаас тасарчихсан юм биш үү. Иргэдийн амьдрал ямар байгааг та мэдэж байна уу. 145,000 төгрөг тараагаад бүгдийг нь хөрөнгө эзэмшигч болгочихсон. 3 сая хүн хөрөнгө эзэмшиж байна гэсэн статистик гараад ирж” гэж асуусан юм.
Харин Ерөнхий сайд түүний хандлагад хариу өгөхдөө ёжлон:
“Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байгаа учраас би бас мөн улстөржиж хариулъя. Бодит байдалд Хөгжлийн банк ямар байдалтай болсон байлаа, Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд гээд энэ бүгд хэний гараар ороод юу болсон байлаа. Эдгээрийг цэгцлэхэд хугацаа орсон. Би энийг ярихгүй л яваад байгаа. Одоо стратегийн ордуудын талаар орж ирэх материалуудаас тэгээд өөрсдийн хийсэн зүйлээ харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана нь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхөдтэй чинь ярихдаа би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил “бантан зуураад” Монголын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад “будаа болгосон” байгаа нь удахгүй нотолгоотой орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж хүний өмнөөс хачин юм бүү ярь” хэмээн хариулав.