Дэлхийн геополитикийн бодлого өнөөдөр батлан хамгаалах салбараар бус, харин технологийн хөгжил дэвшлээр хэмжигдэж байгаа билээ. Энэ бүхэнтэй уялдан, түүхий эдийн далд дайн ч өрнөж байна. Монгол улс өнөө цагт газрын хөрсөн дор орших ховор элементүүдийн нөөцөөрөө эдийн засгаа тэлж хөгжүүлэх боломжтой улс орнуудаас хамаарах өрсөлдөөнд орж, энэхүү шинэ боломжийг ашиглах үедээ иржээ. Энэ нь Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй хайрханд олборлох газрын ховор элементийн төсөл юм.
Өнгөрсөн 11-р сард Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан Бүрэгтэй ордод газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нэшнл Рийр Ийрт” компани үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байсан ч нутгийн иргэд эсэргүүцэж, жагсаал зохион байгуулснаар аймгийн Засаг дарга М.Амарсанаа хайгуулын үйл ажиллагааг зогсоосон юм. Гэвч энэ үйл явдлын дараа нутгийн иргэд болон Монголчуудад шинэ сонин болсон газрын ховор элементийн төсөл болон түүний үнэ цэн нь цаг хугацааны явцад улам өсөн нэмэгдэж, дэлхий даяар нээлттэй болж, бидний ирээдүй болсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн байна.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөлтэй холбоотой асуудлууд эерэг шийдэлд хүрч, бүхий л талуудын ойлголцол нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тодруулбал, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Монголиан Нэшнл Рийр” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон захирамжаа цуцалж, олон талт ажлын хэсгийг байгуулан эхний хурлаа зохион байгуулсан байна.
Энэхүү ажлын хэсэг нь Халзан Бүрэгтэй төслийн оролцогч талуудтай зөвлөлдөх, төслийг олон нийтэд таниулах, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа юм. Мөн төслийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар оролцогч талуудад санал бодлоо илэрхийлэх боломж олгох шийдэлд хүрсэн байна. Төсөл хэрэгжих суманд мэдээллийн төв нээж, тогтмол ажиллуулах шийдлийг компанийн зүгээс авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Ажлын хэсэгт орсон хүмүүс газрын ховор элементийн тухай тодорхой мэдээлэл авах, бодит мэдээллийг нутгийн иргэдэд хүргэх сургалтад суухаар Улаанбаатар хот руу хөдлөөд байна. Монгол Улс газрын ховор элементийн 3.1 сая тонн нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийд эхний 15-рт эрэмбэлэгдэж байна. Одоогийн байдлаар энэ ашигт малтмалын нөөцөөрөө Монгол улс дэлхийд олон улсын түвшинд өндөр байр суурь эзэлж байгаа юм.
Олборлолт эхэлснээр манай улс эдийн засгаа тэлэх, цаашлаад солонгоруулах боломжтой. Мөн засгийн газрын санаачлан УИХ-аар батлуулсан Үндэсний баялгийн сангийн орлогод бодит орлого оруулах стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.