6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москвагийн Ялалтын баярын арга хэмжээнд оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Москва хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын парадад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны хувиар оролцохоор болжээ. Энэхүү арга хэмжээ нь Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулагдаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 онд Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэрээ Монгол-Оросын уламжлалт найрамдалт харилцааг бататгахын сацуу хэд хэдэн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар онцолж байв. Тухайлбал, Халх голын байлдааны 85 жилийн ой, Улаанбаатар төмөр зам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой зэрэг чухал түүхэн үйл явдлуудыг хамтдаа тэмдэглэсэн билээ.

Тэр үед Ерөнхийлөгч Путин “2025 онд Ялалтын 80 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тавдугаар сарын 9-нд Москва хотод зохион байгуулагдах баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл Улаан талбайд болох цэргийн парадад оролцох боломжтой” гэж мэдэгдэж байлаа.

Энэхүү урилга ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойрын өдрүүдэд ОХУ-ыг зорьж, Ялалтын баярын албан ёсны арга хэмжээнд оролцох бөгөөд Монголын зэвсэгт хүчний төлөөлөгчид ч Оросын цэргүүдийн хамт Улаан талбайд жагсахаар төлөвлөгдөж байгаа юм.

Энэ удаагийн Ялалтын баярын арга хэмжээ нь зөвхөн түүхэн ялалтаа хүндэтгэх төдийгүй, дэлхий дахинд энх тайван, хамтын ажиллагааны үнэ цэнийг илэрхийлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here