12-р сарын 15–31-нд мөрдөнө гэж зарласнаа орой нь болиулжээ
ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгөхдөө 12-р сарын 15-наас 31-ний хооронд 08:00–20:00 цагт бүсчлэл харгалзахгүйгээр улсын дугаараар тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлнэ гэж танилцуулсан.
Гэвч уг шийдвэрийг өчигдөр орой цуцалсан байна.
Аль байгууллага ямар тайлбар өгсөн бэ
Тээврийн Цагдаагийн Албанаас: Шийдвэр гаргах нь ТЦА биш болохоор цуцалсан талаар НЗДТГ-аас мэдэгдсэн.
Харин НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс: Хууль зүй, Дотоод хэргийн сайд уг шийдвэрийг түдгэлзүүлсэн байна гэсэн тайлбаруудыг өгөв.
Өнөөдрөөс хуучин зохицуулалт хүчинтэй
Ингэснээр өнөөдрөөс тэгш, сондгой зарчмаар явуулах өөрчлөлт хэрэгжихгүй болж, автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучин журмаараа мөрдөгдөхөөр байна. Тодруулбал 08:00–20:00 цагийн хооронд хязгаарлалтын бүсэд 1, 6-аар төгссөн дугаартай автомашин Даваа гарагт; 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт; 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт; 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт; 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт хөдөлгөөнд оролцохыг хориглодог журам хэвээр үйлчилнэ.
Санал асуулгын дүн гарсны дараа эсэргүүцэл нэмэгджээ
Улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах тухай санал асуулгыг энэ сарын 11–14-ний хооронд ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, санал асуулга дуусангуут иргэдийн 52.3% нь дэмжсэн тул тэгш, сондгой хязгаарлалтыг мөрдөх шийдвэр гаргасан гэж мэдээлж байсан ч олон нийтийн сүлжээнд иргэд эсэргүүцлээ өргөнөөр илэрхийлсэн байна. Санал асуулгад 6,544 иргэн оролцжээ.





