-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 13, 2026

“Талын жавхаа-2026”-д 13 аймгийн адуучид хүч сорьж, тэргүүн эзнээ оллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Адууны соёлыг төв болгон зохион байгуулсан өвлийн өдөрлөг

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, “Тэнгэрийн нүүдэлчин” төсөл, “Хушхан” брэнд хамтран хэрэгжүүлсэн “Талын жавхаа-2026” адууны соёлын өдөрлөг энэ сарын 24-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж өнгөрлөө.

Өдөрлөгийн зорилго нь өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх, нүүдэлчин ахуй, адуутай холбоотой уламжлалт мэдлэг, ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх, монголчуудын адуу дагасан соёлын биет бус өвийг залуу үед өвлүүлэх, цаашлаад адууг брэнд болгон төлөвшүүлэхэд чиглэж байв.

Энэ удаагийн арга хэмжээнд 13 аймаг, нийслэлийн гурван дүүргээс нийт 37 адуучин хүрэлцэн ирж оролцсоноор тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байлаа.

Адуучдын парадаас эхэлсэн өвлийн ур чадварын өрсөлдөөн

Өдөрлөг адуучдын парадаар нээлтээ хийж, өвлийн улиралд адуу маллах уламжлалт арга барилын тод жишээг харуулсан уралдаан, үзүүлбэрүүдээр үргэлжилсэн. Уурга, ташуур шүүрэх, эмнэг, хангал булгиулах, морьтой болон явган уургалах, бугуйлдах зэрэг өвөрмөц, өндөр ур чадвар шаардсан тэмцээнүүдээр адуучдын бие, ухаан, арга барилыг сорьсон юм.

Ийнхүү өвлийн адуу маллагааны соёлыг амьд хэлбэрээр харуулсан нь үзэгчдэд адууны монгол ахуйд эзлэх байр суурь, адууч хүний хөдөлмөрийн онцлогийг биечлэн мэдрүүлэх чухал боломж болсон гэж зохион байгуулагчид онцоллоо.

“Талын жавхаа-2026”-ын шилдгүүд

Тэмцээний нийлбэр дүнгээр Төв аймгийн Батсүмбэр сумын адуучин Р.Пүрэвдорж нэгдүгээр байрт шалгарч, “Талын жавхаа-2026” өдөрлөгийн тэргүүн адуучнаар тодров.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын адуучин Ц.Гомбодорж хоёрдугаар байрт, Хэнтий аймгийн Мөрөн сумын адуучин О.Цолмонбаатар гуравдугаар байрт бичигдсэн байна. Дөрөвдүгээр байрт Булган аймгийн Баян-Нуур сумын адуучин Б.Баянбаатар, тавдугаар байрт Төв аймгийн Аргалант сумын адуучин Б.Баасансүх тус тус шалгарч, өвлийн адуу маллагааны ур чадвар, туршлагаараа үнэлэгдлээ.

Үндэсний хувцас, нохой, худалдаа үйлчилгээтэй хосолсон өдөрлөг

Үзүүлбэр, тэмцээнээс гадна үндэсний сайхан хувцас өмссөн шилдэг оролцогчийг тодруулж, зочдыг хээрийн цайгаар дайлсан нь өдөрлөгийн уур амьсгалд уламжлалт өнгө төрх нэмэв.

Мөн монгол банхар, тайга нохойг сонирхох хэсэг, үндэсний худалдаа, үйлчилгээний булан ажилласан нь аялал жуулчлал, уламжлалт соёл, мал аж ахуйг нэгтгэсэн цогц арга хэмжээ болгож байлаа.

“Талын жавхаа-2026” нь өвлийн аялал жуулчлалыг дэмжихийн зэрэгцээ монгол адуу, адуучдын хөдөлмөрийг олон нийтэд тодруулан харуулж, адууны соёлыг ирээдүйд өвлүүлэх талаар бодитой алхам болсон өдөрлөг болж өнгөрөв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу