МУГТ, ONE Championship холбооны дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил Неосити хотхон төслийн Brand Ambassador-аар ажиллахаар болж, өнөөдөр 2026 оны 2-р сарын 13-нд гэрээгээ байгууллаа. Тэрээр Неосити хотхонд амьдрахаар болсон бөгөөд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авсан байна.
Б.Энх-Оргил мэргэжлийн нийт 17 тулаан хийж, 14 ялалт байгуулжээ. Тэрээр хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сард холимог тулааны ONE Championship холбооны Bantam жинд дэлхийн аварга болсон бөгөөд Монголын холимог тулаанчдаас төрөн гарсан хоёр дахь гавьяат тамирчин гэж мэдээлжээ. Мөн Netflix-ийн Physical Asia шоунд багаараа амжилттай оролцсон байна.
Б.Энх-Оргил: “Би энэ байрандаа амьдарна”
МУГТ, дэлхийн аварга Б.Энх-Оргил “Неосити төслийн санаачлагч залууст юун түрүүнд талархлаа илэрхийлье. Дандаа зөв зүйтэй, нийгэмдээ хэрэгтэй ажил санаачлан хэрэгжүүлдэг залуустай хамтарч буйдаа баяртай байна. Неосити хотхон оршин суугчдынхаа тав тухтай амьдрах орчныг бүх талаар бүрдүүлж өгснийг харж байна.
Ногоон байгууламж ихтэй, крантны усаа шууд уух боломжтой, айл бүрд агаар сэлгэлтийн ухаалаг төхөөрөмж суурилуулсан нь оршин суугчдаа бодсон шинэлэг шийдлүүд болжээ. Тамирчин хүний хувьд цэвэр агаарт бэлтгэлээ хийх, ууланд алхах, чөлөөтэй гүйх гээд бүх боломж бүрдсэн нь хамгийн том давуу тал гэж харж байна. Иймээс Неосити хотхондоо амьдрах болсондоо би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Наранбат: “Дэлхийн аварга хөрштэй болж буйдаа бид баяртай байна”
Неосити төслийн санаачлагч Б.Наранбат “Б.Энх-Оргилыг хувь хүний хувьд хөдөлмөрч, тууштай, хичээнгүй, ёс зүйтэй хүн гэж хүндэлдэг. Манай хотхоны хүүхдүүд үлгэр дуурайлал авах, дэлхийн аварга хөрштэй болж буйдаа баяртай байна. Бид анхнаасаа найрсаг хөршийн соёл, сайн хамтын хүрээлэл бий болгохыг хичээсэн, хамтдаа урагшилдаг ийм community-г бүрдүүлэх нь Неоситигийн хамгийн том үнэ цэн юм” гэлээ.
Б.Энх-Оргил Неосити төслийн багийн хамт шинийн 5-ны өдөр буюу 2-р сарын 22-нд Сөүл дэх монголчуудтай уулзахаар болсон байна. Мөн ирэх 3-р сарын сүүлээр Австралийн Сидней дэх монголчуудтай уулзахаар товложээ. Эдгээр уулзалтаар гадаадад амьдарч буй монголчуудад эх орондоо орон сууц худалдан авах, орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм байна.
Неосити: оршин суугч төвтэй, ногоон хотхоны төсөл
Неосити хотхон нь 2400 айлын орон сууц бүхий цогц төлөвлөлттэй бүтээн байгуулалт бөгөөд нэг жилийн орчим хугацаанд сургууль, цэцэрлэг, авто зам, ногоон байгууламж, үйлчилгээний талбай зэрэг дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн гэж мэдээлжээ.
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гол бүтээн байгуулалтаас дурдвал Шинэ Монгол–3 сургууль ашиглалтад орж, өдгөө 500 гаруй хүүхэд суралцаж байна. Мөн 1.3 км авто зам, бие даасан ус, дулаан дамжуулах төв ашиглалтад оржээ. Эхний ээлжийн хоёр орон сууц бүрэн ашиглалтад орж, оршин суугчид нь нүүж орсон байна. Энэ онд нийт зургаан блок орон сууцны барилгыг барьж дуусгахаар ажиллаж буй гэжээ.
Монголд анх удаа бүрэн ногоон барилгын стандарт LEED
Неосити хотхоны төсөл нь Монгол Улсад анх удаа ногоон барилгын стандартыг бүрэн нэвтрүүлсэн тул АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс LEED гэрчилгээ олгосон гэж мэдээлсэн байна.
Төслийн ногоон технологийн шийдлүүдэд дээвэр дээр нарны панель суурилуулж, лифт болон шатны хонгилыг 24/7 сэргээгдэх эрчим хүчээр хангах, цоргоны усыг шууд уух боломжтой ХБНГУ-ын VULCAN шүүлтүүрийн системийг нэвтрүүлэх, айл бүрд агаар сэлгэлтийн ERV төхөөрөмж суурилуулах, дулааны төлбөрийг хэрэглээгээр тооцдог Ultrasonic тоолуур ашиглах зэрэг багтаж байна. Мөн ногоон байгууламж, явган хүний болон спорт талбайг цогцоор нь шийдсэн жишиг хотхоны төсөл гэж тодорхойлжээ.





