Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн мэргэжлийн боксын холбооны (WBA) ранкийн 16 дугаар байрт эрэмбэлэгдэж буй Энх-Амарын Цэндбаатар дараагийн тулааныхаа товыг зарлалаа.
Тэрбээр 2025 оны долдугаар сарын 12-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод мэргэжлийн боксын 13 дахь тулаанаа хийхээр төлөвлөжээ.
Өмнөх, буюу 12 дахь тулаандаа Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөө Мексикийн тамирчин П.Б. Родригесын эсрэг тулалдсан бөгөөд зургадугаар раундад хүчтэй цохилтоор ялалт байгуулсан юм.
Олимпийн түүхэн замнал
Э.Цэндбаатар 2016 онд болсон Рио де Жанейрогийн олимпийн наадамд Монгол Улсаас оролцсон зургаан боксын тамирчны нэг байсан. Тэрээр 19 настайдаа анхныхаа олимпт хүч үзэж, тавдугаар байрт шалгарсан бөгөөд тухайн үедээ спортын ертөнцөд олон нийтийн хайр, хүндэтгэл, өхөөрдлийг зэрэг хүртэж байжээ.