Чианг Майд 2-р сарын 8–19-нд 72 бар үхэж, халдвар муурын парвовирус гэж тогтоогдов
Тайландын хойд нутгийн Чианг Май муж дахь зэрлэг амьтдын паркуудад 72 бар олноор хорогдсон ноцтой халдварт өвчний дэгдэлтийг хязгаарлахаар албаныхан яаралтай арга хэмжээ авч байна. Үхсэн баруудын ихэнх нь жуулчдад барыг илэх зэрэг ойр харилцах боломж олгодог хувийн өмчийн Tiger Kingdom Mae Taeng, Tiger Kingdom Mae Rim байгууламжид бүртгэгджээ.
Хамгаалалттай бүсийн албаны мэдээллээр 2-р сарын 8–19-ний хооронд Мэй Тэнг-д 51, Мэй Рим-д 21 бар тус тус үхсэн байна. Урьдчилсан шинжилгээгээр эдгээр бар муурын парвовирус (feline parvovirus) буюу муурын панлейкопени (feline panleukopenia)-ээр халдварласан нь тогтоогдсон талаар The Bangkok Post мэдээлжээ.
Чианг Май мужийн Мал аж ахуйн албаны мал эмнэлгийн баг задлан шинжилгээ хийж, вирусийн халдварыг баталсан байна. Мөн цогцсоос авсан дээжийн лабораторийн шинжилгээгээр нохойн хижиг вирус, майкоплазма бактери илэрсэн ч шувууны томууг үүсгэдэг инфлюэнза A вирус илрээгүй гэж мэдээлжээ.
Дархлаа сулрал, цус ойртолт, халдваргүйжүүлэлт ба түр хаалт
Муурын парвовирус нь маш халдвартай, ихэнх тохиолдолд үхэлд хүргэдэг өвчин бөгөөд хоол боловсруулах болон дархлааны тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг. Харин майкоплазма бактери амьсгалын замыг гэмтээж, дархлаа сул амьтдад уушгины хатгалгаа, амьсгалын хүндрэл үүсгэх эрсдэлтэй гэж тайлбарлажээ.
Тайландын Мал аж ахуй хөгжлийн газрын ерөнхий захирал Сомчуан Ратанамункланон орон нутгийн хэвлэлд “Өвчтэй барыг эмчлэх нь нохой, муур эмчлэхээс тэс өөр. Нохой, муур бидэнтэй ойр амьдардаг тул шинж тэмдэг илэрмэгц арга хэмжээ авч болдог. Харин бар хүнтэй ойр амьдардаггүй. Бид асуудлыг анзаарах үед өвчин аль хэдийн хүндэрсэн байдаг” гэжээ.
Албаныхан тэжээвэр баруудын цус ойртолт дархлааг сулруулж, халдварт өртөмтгий болгосноор өвчний тархалтыг түргэсгэсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Одоогоор Tiger Kingdom Mae Rim байгууламжийг 14 хоногоор түр хааж, хоёр байгууламжийн нэвтрэлтийг хязгаарлан, хашаа, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэх баг ажиллуулжээ. Амьд үлдсэн баруудыг Мэй Тэнг дүүргийн тусгаарлан асрах төвд шилжүүлж, эрүүл баруудад вакцин хийхээр төлөвлөсөн байна. Сомчуан халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөж байгаа бөгөөд нохойн хижиг вирус хүнд халддаггүйг онцолжээ.
Амьтны эрхийн байгууллага PETA Asia “Эдгээр барууд амьдарч байсан шигээ зовлонтойгоор, хоригдол байдалтайгаар, айдастайгаар үхсэн. Жуулчид ийм газруудад очихоо боливол ашиггүй болж, ийм эмгэнэлт явдал гарах магадлал эрс багасна” гэж мэдэгджээ.
Тайландад өмнө нь ч барын дунд ноцтой халдварт өвчний дэгдэлт гарч байсан. 2004 онд өндөр халдварт шувууны томуу H5N1 тархах үед Чонбури мужийн Sriracha Tiger Zoo-д 147 бар халдвараар үхэж, вирус тархахаас сэргийлэх зорилгоор тэдний талыг нь устгасан гэж мэдээлэгдэж байв.





