Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа болон Вьетнамын Агаарын цэргийн хүчний нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд 1981 оны гуравдугаар сарын 22-30-нд хэрэгжсэн “Союз-39” хамтарсан сансрын нислэгийн 45 жилийн ойн мэндийг Ж.Гүррагчаад хүргэж, уг үйл явдлыг Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон түүхэн мөч хэмээн онцолсон байна. Тэрбээр “Энэ нь зөвхөн нэг нислэг бус, Монголын шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагаанд шинэ үеийг эхлүүлсэн үйл явдал байсан” гэж тэмдэглэжээ.
Мөн “Союз-39” хөлгийн баг “Салют-6” станцад ажиллахдаа анагаах ухаан, биологийн чиглэлээр олон туршилт хийж, шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсныг дурдсан байна.
Ж.Гүррагчаа, Фам Туан нар 1978 оноос ЗХУ-ын “Оддын хотхон”-д хамт бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд тэр үеэс нөхөрлөсөн. Тэд Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор хүрэлцэн иржээ.
Фам Туан уулзалтын үеэр “Би Монгол Улстай сэтгэл ойрхон хүн. Анх 1965 онд ирж байсан, сансраас Монголыг харж байсан дурсамж надад бий” хэмээн хэлж, ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд тэдний нөхөрлөлийг зөвхөн хувь хүмүүсийн харилцаа бус, Монгол, Вьетнамын ард түмний найрамдлыг бэхжүүлсэн, ирээдүйн хамтын ажиллагаанд урам өгсөн жишээ гэж онцоллоо.





