Нийтийн тээврийн төлбөрийн систем нэг төхөөрөмжид шилжинэ
Нийслэлийн нийтийн тээврээр зорчихдоо иргэд одоогоор хоёр төрлийн төхөөрөмж ашиглан төлбөрөө төлдөг. Харин энэ системийг ирэх сараас шинэчилж, автобусанд суух үеийн төлбөр тооцоог нэг төхөөрөмжөөр шийдэхээр болжээ.
Энэ талаар “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од “Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-ны өглөөнөөс нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина. Өөрөөр хэлбэл Umoney картыг уг төхөөрөмж дээр уншдаг болж, шинэчлэгдэж байна.
Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Урд хаалга дээр байршуулсан чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно.
Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа” гэж мэдээлжээ.
Түүний нэмж тодруулснаар тавдугаар сарын 2-ны өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд зөвхөн UBcard төхөөрөмжийг ашиглана. Иргэд автобусанд орохдоо Umoney карт, банкны карт, UBcard апп эсвэл QR код уншуулж 1,000 төгрөгийн төлбөр төлөх юм.
Ингэснээр автобуснаас буух үед картаа дахин төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болно. Харин дараагийн автобусанд сууж картаа уншуулахад “Дамжин суулаа” гэж мэдэгдэх бөгөөд 1,000 төгрөгөөр дөрвөн удаа дамжин суух одоогийн зохицуулалт хэвээр үргэлжилнэ.
Банкны карт болон цаасан тасалбарын нөхцөл өөр байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, донор болон хүүхдийн картууд өмнөх зарчмаараа ашиглагдах аж.
Харин банкны картаар зорчих тохиолдолд автобусанд суух бүрдээ 1,000 төгрөг төлнө. Мөн нэг удаагийн 1,000 төгрөгийн цаасан тасалбар банкны карттай адил зарчмаар үйлчлэх бөгөөд иргэн автобусанд суух бүрдээ шинээр авч ашиглах юм байна.
Улаанбаатар хотын 100 байршилд байрлах автобусны карт цэнэглэгч киоскоор дамжуулан нэг удаагийн 1,000 төгрөгийн цаасан тасалбар авах боломжтой. Түүнчлэн нисэх буудал руу зорчих иргэдэд зориулсан 10,000 болон 15,000 төгрөгийн цаасан карт, мөн UBcard төхөөрөмжид зориулагдсан шинэ төрлийн картыг 3,600 төгрөгөөр худалдан авч ашиглаж болохыг мэдээлжээ.
Одоогоор нийслэлд өдөр бүр 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн салбар 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 56.7 тэрбум төгрөгт хүрч, орлого нь 69 хувиар өссөн байна.