23.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

АНУ, Хятадын импортын татварыг 90 хоногийн хугацаанд бууруулахаар тохиролцов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ болон Хятадын засгийн газрын төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын Женев хотноо уулзаж, хоёр улсын худалдааны маргааныг намжаах чиглэлд анхны үр дүнтэй хэлэлцээрт хүрлээ. Талууд харилцан нэгэндээ ногдуулсан өндөр импортын татварыг энэ сарын 14-нөөс эхлэн 90 хоногийн хугацаанд бууруулахаар тохиролцсон тухай өчигдөр олон нийтэд зарлав.

Энэхүү тохиролцооны дагуу АНУ-ын Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн татварыг 30 хувьд, харин Хятадын АНУ-ын бараанд оноосон 125 хувийн татварыг 10 хувь болгон бууруулах юм. Мөн Хятадын зүгээс зарим чухал ашигт малтмалын экспортод тогтоосон хоригоо түр хугацаанд цуцлах болсон нь хэлэлцээрийн чухал үр дүнгийн нэг болж байна.

Гэхдээ АНУ-ын талаас татварыг 10 хувь биш 30 хувьд тогтоон үлдээсэн нь Бээжингийн эрх баригчдыг сэтгэцэд нөлөөлөх фентанил бодисын хууль бус нийлүүлэлтийг зогсоох тал дээр илүү идэвхтэй ажиллуулах зорилготой стратегийн алхам гэж үзжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессэнт уг тохиролцоог “аль аль тал нь дайсагналыг хүсэхгүй байгаагийн илрэл” хэмээн тодорхойлсон бол Хятадын худалдааны яам үүнийг “зөрчлөө арилгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх үндэс тавьсан” чухал алхам гэж үнэлжээ.

2024 онд АНУ-аас Хятадад экспортолсон хамгийн том ангилал нь шар буурцаг байсан бөгөөд энэ нь Хятадын нийт 440 сая гахайн тэжээлийн гол хэрэглээ болдог. Түүнчлэн эм болон газрын тосны бүтээгдэхүүн ч экспортын чухал багцад багтаж байв. Харин Хятадын АНУ-д гаргадаг гол экспортод цахилгаан хэрэгсэл, компьютер, тоглоом зонхилсон бол хамгийн том хэсгийг iPhone зэрэг ухаалаг гар утас эзэлсэн байна.

Гэсэн ч худалдааны тэнцэл нь Хятадын талд давамгай хэвээр. АНУ 2024 онд Хятадаас нийт 440 тэрбум ам.долларын бараа худалдан авч, харин Хятадад ердөө 145 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Энэхүү хэт зөрүү нь өмнө нь Ерөнхийлөгч Трампын шүүмжлэлийн бай болоод байсан билээ.

Талууд уг тохиролцоог тус тусынхаа хувьд “ялалт” хэмээн тодорхойлж байна. Бээжин энэ хэлэлцээрийг АНУ худалдааны дайнаас ухарсан алхам гэж тайлбарласан бол Цагаан ордон “Америкийн ард түмэнд ашигтай гэрээ байгуулсан нь Ерөнхийлөгч Трампын хэлцэл хийх онцгой ур чадварыг харууллаа” гэж мэдэгджээ.

Энэхүү 90 хоногийн хэлэлцээр нь хоёр талын худалдааны дайны хурцадмал байдлыг зөөлрүүлж буй анхны нааштай алхам хэмээн шинжээчид үзэж байна. Хэрвээ энэ хугацаанд бүрэн гэрээнд хүрч чадахгүй байсан ч татварууд өмнөх шиг өндөр хэмжээндээ буцаж хүрэхгүй байх боломжтой аж.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Тэд хэлэлцээр хийж эхэлж байгаа нь сайн хэрэг – худалдааны дайн сайн зүйлд хүргэдэггүй

  2. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд эдийн засагт тогтвортой байдлыг бий болгоно гэж найдаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here