14.1 C
Ulaanbaatar
Ням, 6 сар 15, 2025

Абэ Акиэ: Монгол бүсгүйчүүдийн дайчин зан намайг гайхашруулсан

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн гэргий Абэ Акиэ гурав дахь удаагаа Монголд иржээ. Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцох үеэр нь түүнтэй уулзаж, ярилцах завшаан тохиосон юм. Тэрбээр Монгол орны байгаль, хүмүүс, нийгмийн хөгжилд үнэлгээ өгч, монгол эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, идэвх оролцоог онцолсон юм.

Абэ Акиэ хатагтай энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд монгол үндэсний дээл өмсөхдөө Япон болон Монголын найрсаг харилцааг бэлгэдэхийг зорьсон гэж тайлбарласан. Тэрбээр Токиод амьдардаг загвар зохион бүтээгч Эрдэнэзулаар япон торгоор хийсэн хоёр монгол дээл захиалан хийлгүүлжээ.

Түүний хэлснээр, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн урилгаар Монголд ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, улс төр дэх оролцоог дэмжих зорилготой “We women” чуулга уулзалттай холбогдсон нь онцгой ач холбогдолтой байсан хэмээн дүгнэв. Тэрбээр “Монгол Улсад очих хүсэл эртнээс төрсөн. Урилгыг баяртайгаар хүлээж авсан” гэжээ.

Улаанбаатар хотын хөгжлийн тухайд тэрбээр өндөр барилгууд олширч, хотын гудамж талбай орчин үеийн өнгө төрхтэй болсон тухай дурдсан. Гэвч замын түгжрэлийг гол асуудал хэмээн тэмдэглэж, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Тэрээр Монголын эмэгтэйчүүдийг япон эмэгтэйчүүдтэй харьцуулахдаа “Монгол бүсгүйчүүд илүү нийгмийн оролцоотой, бие даасан, дайчин хүмүүс санагдлаа” хэмээн онцлон хэлсэн. Үүнийг парламент дахь эмэгтэй гишүүдийн тооноос ч харагдаж байна хэмээн үзжээ.

Ярилцлагын үеэр тэрбээр “Эмэгтэйчүүдийн өргөжин тэлэх хүч, эрэгтэйчүүдийн өндөрт хүрэх хүчийг нэгтгэж байж илүү сайхан нийгмийг цогцлооно” гэсэн үг нь Японы нийгмийн хандлагын өөрчлөлт, жендерийн ойлголтын талаарх үзэл бодлыг илтгэж буйг тайлбарлав. Мөн тэрбээр “Хүчтэй байна гэдэг нь зөвхөн биеийн чадал биш, эмэгтэй хүнийг хамгаалах оршихуй байх ёстой” гэж хуучинсаг байж мэдэх ч үзэл бодлоо нээлттэй илэрхийлсэн юм.

Абэ Акиэ өөрийн нөхөр, Ерөнхий сайд асан Шинзо Абэг Монгол Улсад гурван удаа айлчилсан ховор жишээтэй улс төрч байсан гэдгийг дурдан, түүний Монголд хандсан эерэг сэтгэл, харилцааны гүн гүнзгий түүхийг дурслаа. Түүнчлэн Монгол-Японы харилцааг гүнзгийрүүлэхэд энгийн иргэдийн оролцоо, соёлын адил талууд ихээхэн үүрэгтэйг тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Монголын байгаль үнэхээр гайхамшигтай. Динозаврын өлгий нутаг гэдэг утгаараа Японы хүүхдүүдийн хувьд мөрөөдлийн газар юм” хэмээсэн. Мөн Чингис хааны музей, “Шинэ Монгол” сургуулиар зочилсон тухайгаа дурдан, монгол хүүхдүүд япон стандартаар суралцаж буй нь сэтгэлд дулаахан санагдсан гэлээ.

Ярилцлагын төгсгөлд Ханэда–Улаанбаатарын шууд нислэг нээгдээсэй хэмээн хүслээ илэрхийлсэн тэрбээр, Япондоо очоод Монгол орны тухай сайхан сэтгэл, хүмүүжил, байгаль, боловсролын талаар олон хүнд ярих болно хэмээн онцоллоо. Тэрбээр “Надад дахин Монголд ирэх гүн сэтгэгдэл үлдсэн” хэмээн сэтгэлээ хуваалцсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here