Нарагийн шүүх 2022 оны халдлагын хэрэгт эцсийн шийдвэр гаргав
Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Тэцүя Ямагамид Нара хотын шүүх бүх насаар нь хорих ял оноолоо. Хэргийг үйлдсэнээс хойш дөрвөн жилийн дараа, 2022 онд болсон улс төрийн хамгийн том аллагын нэг ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрээр дуусгавар боллоо.
45 настай, тэнгисийн цэргийн хүчний хуучин алба хаагч Ямагами сонгуулийн сурталчилгааны үеэр гар хийцийн буугаар Абэг буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Прокурорууд энэ хэргийг Японы “дайны дараах түүхэнд үзэгдээгүй хэрэг” хэмээн тодорхойлж, яллагдагчид бүх насаар нь хорих ял оноохыг шүүхэд шаардаж байсан.
Өмгөөлөгчид ялыг бууруулахыг оролдсон ч шүүх хатуу байр суурь баримталлаа
Шүүх хуралдааны үеэр Ямагамигийн өмгөөлөгчид хорих ялыг 20 жилээс дээшгүй байхаар тогтоох ёстой хэмээн маргаж, яллагдагчийг шашны байгууллагын хүчирхийллийн золиос болсон гэж тайлбарласан.
Гэсэн ч шүүх Ямагамигийн үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдал, ардчилсан тогтолцоонд ноцтой халдсан, урьдчилан төлөвлөсөн, онц хүнд гэмт хэрэг гэж үзэн бүх насаар нь хорих ялыг оногдуулжээ.
“Нэгдлийн сүм”, ээжийн хандив, сүйрсэн гэр бүл ба өш хонзон
Мөрдөн шалгалтаар тогтоосноор Ямагами “Нэгдлийн сүм” хэмээх шашны байгууллагад гүнзгий өширхөж байжээ. Түүний ээж уг сүмд ойролцоогоор 100 сая иенийн асар их хандив өгсний улмаас гэр бүлийн санхүүгийн байдал бүрэн сүйрч, үгүйрэн хоосорсон гэж үздэг.
Ямагамигийн мэдүүлгээр, Шинзо Абэ “Нэгдлийн сүм”-д нөлөө бүхий байр суурьтай, уг байгууллагатай ойр харилцаатай улс төрчдийн нэг байсан. Мөн Либерал-Ардчилсан намаас сонгогдсон зарим парламентын гишүүд сонгуулийн кампанит ажлаа “Нэгдлийн сүм”-ийн дэмжлэгтэйгээр явуулдаг байсан гэх мэдээлэл шүүх дээр сөхөгджээ.
Шүүх хуралд олон нийт олноор очиж, сугалаагаар танхимд нэвтрүүлэв
Энэ өглөө болсон нээлттэй шүүх хуралд оролцохоор 685 хүн ээлжинд зогссон бөгөөд суудлын тоо хүрэлцээгүй тул тэднээс 31 хүнийг сугалаагаар сонгон танхимд нэвтрүүлсэн байна. Энэ нь хэрэг олон нийтийн анхаарлын төвд хэвээр байгааг, Абэгийн амь насыг бүрэлгэсэн халдлагын нийгмийн сэтгэлзүйд үзүүлсэн нөлөө асар их байсныг дахин харууллаа.
“Нэгдлийн сүм”-ийг татан буулгах, татварын хөнгөлөлтийг цуцлах шийдвэр дагалдав
Шүүхийн процесстэй зэрэгцэн “Нэгдлийн сүм” гэх шашны байгууллагын талаар олон ноцтой мэдээлэл ил болоод байна. Гишүүдээсээ сүрдүүлж, мөнгө шахан авдаг, хандив нэрийн дор асар их хөрөнгө татдаг гэх гомдол, шүүмжлэлийн дараа Японы засгийн газар уг байгууллагын үйл ажиллагаанд мөрдөн шалгалт эхлүүлжээ.
Үүний үр дүнд Токиогийн тойргийн шүүх “Нэгдлийн сүм”-ийг татан буулгах, татварын хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гаргасан нь Японы шашны байгууллагуудад тавих хяналт, зохицуулалтын шинэ шат гэж үзэгдэж байна.






