Хиймэл оюунд суурилсан торгуулийн систем өнөөдрөөс хэрэгжив
Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах шинэ зохицуулалт өнөөдрөөс, өөрөөр хэлбэл 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Улаанбаатар хотын 176 уулзвар болон гарц, замд 2,600 гаруй камер шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI технологиор бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлээд байсан бөгөөд одоо шууд торгуулийн горимд шилжиж байна.
Торгуулийг нотлох линк, бүрэн бичлэгээр илгээх зохицуулалт
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр хиймэл оюунд суурилсан системээр илрүүлсэн зөрчил бүрийг нотлох баримтын хамт эзэнд нь илгээх зохицуулалттай.
Албан тайлбартаа тэд:
“2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулна.
Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэх бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримт бий”
хэмээн мэдэгджээ.
Ингэснээр жолооч нар торгуулийн мэдээллийг хүлээн авахдаа тухайн зөрчил ямар нөхцөлд, хэдэн цаг, хэдэн минутад, секундийн нарийвчлалтайгаар бүртгэгдсэнийг шууд шалгах боломжтой болж байна.
AI камер ямар төрлийн зөрчил илрүүлж, торгодог вэ
Камерын хяналтын ухаалаг систем нь замын хөдөлгөөний олон төрлийн зөрчлийг автоматаар илрүүлж, бүртгэхээр тохируулагдсан. Үүнд:
тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, гэрэл дохиог үл тоон зөрчих, нэгдүгээр эгнээгээр зорчих, эгнээний байрлал буруу эзлэх, автобусны буудал дээр зогсох, агшин зуурын хурд хэтрүүлэх, тодорхой хэсэгт дундаж хурд хэтрүүлэх, “Зогс” шугамыг давах, түр болон удаан хугацаагаар буруу газар зогсох, явган зорчигчийн зам, ногоон байгууламж дээр тээврийн хэрэгсэл байрлуулах зэрэг нийт арав гаруй төрөл багтаж байна.
Эдгээр зөрчил бүрийг AI систем дүрс бичлэг, цаг хугацааны тэмдэглэгээтэйгээр бүртгэж, зөрчил тогтоогдсон тохиолдолд холбогдох жолоочид торгуулийн мэдээлэл илгээнэ. Алдаа гарсан гэж үзвэл, жолооч гомдол гаргаж, нотлох баримтад үндэслэн маргааныг дахин шалгуулах боломжтой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төв тодотгож байна.
Жолооч нарт ирж буй шинэ үеийн хариуцлага
Шинэ системийн нэвтрэлттэй холбоотойгоор замын хөдөлгөөний дүрмийг үл ойшоодог, камерын “сохор цэг”-ийг ашигладаг байсан практик үндсэндээ утгаа алдах төлөвтэй болж байна. Хот даяар тархсан 2,600 гаруй ухаалаг камер нь зөвхөн хурд хэмжихээс гадна эгнээ, зогсолт, явган зорчигчийн бүс, ногоон байгууламжийг бүхэлд нь хянаж эхэлж байгаа нь жолооч нараас илүү өндөр түвшний сахилга, анхаарал шаардсан шинэ нөхцөл байдал үүсгэж байна.
Албаныхны үзэж байгаагаар энэхүү хиймэл оюунд суурилсан хяналтын тогтолцоо нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хүний хүчин зүйлээс шалтгаалсан маргаан, алдааг бууруулах, дүрэм зөрчдөг жолооч нарт бодит сануулах, санхүүгийн хариуцлага тооцох гол хэрэгсэл болох зорилготой юм.






Жолооч нар дүрмээ л сайн баримтлах хэрэгтэй боллоо доо