“…Би сэтгэл зүйчтэй уулзаад гараад ирлээ. Та нар дотор руугаа ороо юу, одоо юу дутуу байна даа. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ, айн? Ерөнхий эмчийн зөвлөгөөг авчихвал очоод ажлаа хийж байя…” хэмээн бие биетэйгээ ярилцах цагдаагийн алба хаагчдын дотоод яриа хүний амьдралд юу үнэтэйг сануулж байлаа.
Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” хэмээх зорилтот үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд тус яамны харьяа орон нутгийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид, тэдний гэр бүл, ахмад ажилтнууд болон тэдний ар гэрийнхэнд зориулсан эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөөг зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагааг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж, зургаан сарын хугацаанд орон нутгуудаар ажиллаж байна.
Энэ удаа зургаадугаар ээлжийн баг Говьсүмбэр аймагт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өмнө нь Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт ажилласан байна. Говьсүмбэр аймагт ажиллаж буй багийг ТТАХНЭ-ийн мэс заслын эмч, хошууч М.Баярсайхан ахалж байна. Түүний хэлснээр говийн бүсэд нийт 1500 гаруй алба хаагч, ахмад, гэр бүлийн гишүүд үзлэгт хамрагджээ. Тус үзлэг нь эхо, зүрхний цахилгаан бичлэг, ясны сийрэгжилт, биеийн индекс шинжилгээ зэргийг агуулдаг бөгөөд мэдрэл, дотор, мэс заслын эмч, сэтгэл зүйч нар зөвлөгөө өгч байна.
Хамгийн гол зорилго нь эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, тохирсон арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд оршиж байгаа гэдгийг эмч нар онцолж байна. Алба хаагчдын хувьд 24 цагийн турш бэлэн байдалд ажилладаг, хоолны дэглэм алдагдах, сэтгэл зүйн ачаалал ихтэй нөхцөлд ажиллах зэрэг хүчин зүйлс нь эрүүл мэндэд нь ноцтой нөлөө үзүүлж болзошгүй. Иймд тэдний эрүүл мэндийг анхаарч үзлэг, оношилгоо хийх нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Хилийн болон цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан ахмад ажилтан Л.Адьяажав үзлэгт хамрагдаж, энэхүү үйл ажиллагаа алба хаагчдад үнэхээр хэрэгтэй байгааг хэлж байв. Тэрбээр өмнө нь нэг удаа үзүүлээд хүнд өвчнөө эрт илрүүлж, хагалгаанд орсон туршлагатай учраас урьдчилан сэргийлэхийн чухлыг онцолж байлаа. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Одбаяр үзлэг шинжилгээнд хамрагдаж, орон нутагт ажиллаж буй алба хаагчдад ийм нарийн мэргэжлийн тусламж ойртож буйг онцолсон юм.
Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид тангараг өргөж, бусдын төлөө үүрэг гүйцэтгэдэг онцлогтой хүмүүс. Гэвч энэ онцгой үүргийн ард эрүүл мэндээ орхигдуулж, амьдралын чанар буурах эрсдэлтэй нүүр тулдаг. Иймд “Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” гэсэн санаачилга нь зөвхөн үзлэг оношилгоо бус, амьдралын хэв маягт анхаарал хандуулах суурь өөрчлөлтийн эхлэл болж байна.
Энэхүү аян өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд нийт долоон бүлэг 21 аймагт ажилласан. Үүнд Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд багтжээ. Үзлэгт орчин үеийн оношилгооны төхөөрөмжүүдийг ашиглаж, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо, B, C вирүсийн шинжилгээ, биеийн найрлага, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлжээ.
Эрүүл байх нь хүний хамгийн үнэт эрх бөгөөд тусгай албан хаагчид энэ эрхийг орхигдуулах учиргүй. Тэднийг эрүүл байлгах нь зөвхөн албаны үр бүтээлд биш, гэр бүлийнх нь амьдралын аз жаргалд ч нөлөөлнө. Иймд энэхүү аян нь тэдэнд бодит тус дэм болж, цаашид тогтмол үргэлжлэх нь зүйтэйг үйл ажиллагаанд оролцсон алба хаагчид санал нэгтэй хэлж байна.