Ойрх Дорнодын нөхцөл байдал үнэт металлын үнийг өсгөх хандлагатай байдаг ч энэ удаад эсрэгээрээ алт, мөнгөний ханш огцом буурсан үзүүлэлт ажиглагдлаа.
Даваа гарагийн арилжаагаар алтны спот үнэ нэг унц нь 4100 ам.доллар болж, он гарснаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техрантай “маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” хийсэн талаар мэдэгдэж, Ираны цахилгаан станцуудад хийхээр төлөвлөж байсан цохилтыг тав хоногоор хойшлуулснаа зарласны дараа алтны үнэ эргэн өсөж, 4400 ам.доллароос давжээ.
Ингэснээр алтны ханш хэдхэн цагийн дотор ойролцоогоор 300 ам.доллароор хэлбэлзсэн байна. Гэсэн хэдий ч нэгдүгээр сарын 29-нд унц нь 5594.82 ам.долларт хүрсэн дээд үзүүлэлтээс хойш 20 гаруй хувиар буурсан хэвээр байна.
Мөнгөний хувьд илүү огцом уналт ажиглагдсан. Нэгдүгээр сард 121.67 ам.долларын дээд түвшинд хүрч байсан ханш хоёр дахин буурч, 61.76 ам.долларт хүрсэн нь сүүлийн үеийн зах зээлийн хамгийн хурдан уналтын нэг болж байна. Спот үнэ нь 8.9 хувиар буурч, энэ оны хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд хоёрдугаар сарын 28-нд 117 ам.доллар байсан үнэтэй харьцуулахад бараг хоёр дахин буурчээ.





