18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван багц шаардлага хүргүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.06.16/ ээлжит хуралдаанаа хийж, шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван багц шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Б.Жаргалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг болон улс төрийн чөлөөт байдлыг хангахын төлөө тууштай байр суурь баримталж ирсэн гэдгийг онцлон хэлэв. Шинэ Ерөнхий сайд Баасан гарагт Засгийн газрын бүтцээ оруулж ирэхээ амласан ч өнөөдрийг хүртэл МАН-ын бүлэг хуралдаагүй, Ерөнхий сайд ч бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн мэдүүлээгүй байгааг шүүмжилсэн юм.

Тэрээр хэлэхдээ, улс орны өмнө тулгамдсан асуудлууд хуримтлагдсаар байгаа энэ үед Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн яаралтай тодорхой болж, бодлогын шийдвэрүүд гарч эхлэх шаардлагатай байгааг дурдсан. Авлигын уг үндэс нь төрийн эдийн засаг дахь оролцоо хэт өндөр байгаатай холбоотой. Тиймээс яам, сайд нарын тоог 50 хувь, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын орон тоог 20 хувиар бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлүүдийг таслан зогсоох шаардлагатай гэж үзжээ.

Төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон хувиргаж, бүтцийн зардал болон орон тоог хоёр дахин бууруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Төрийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчид хяналт, шалгалт, татварын дарамтаас чөлөөлөгдөж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдах боломжтой гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Хувийн хэвшлийн татварын дарамтыг 20 хувиар бууруулж, 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

Төсвийн бодлогын хүрээнд улсын төсвийн тодотголыг яаралтай боловсруулж, урсгал зардлыг 20 хувиар танах, худалдан авалтыг үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрхтэйгээр явуулах, эдийн засгийн үр ашиггүй төслүүдийг цэгцлэх хэрэгтэй гэж тэд үзэж байна. ДЦС-3 дээр гарсан ослын улмаас ирэх өвөл эрчим хүчний дутагдалд орох эрсдэл бодитоор нүүрлэж байгаа тул эрчим хүчний салбарт реформ хийх, хараат байдлыг арилгах зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.

Б.Жаргалан хэлэхдээ, “Монгол Улсын тулгамдсан асуудлуудыг даруй шийдэх бодлогыг Засгийн газрын бүтцэд тусган УИХ-д оруулж ирэх ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here