АНУ-ын Вашингтон мужид өмнө нь зөвхөн шувуу болон бусад амьтдад л илэрч байсан ховор омгийн шувууны томуугаар хүн нас барсан талаар тус мужийн эрүүл мэндийн албаныхан мэдээлэв. Ингэснээр энэ улс дахь шувууны ханиадтай холбоотой хүний нас баралт энэ онд хоёр дахь удаагаа бүртгэгдэж байна.
Вашингтонд бүртгэгдсэн шинэ омгийн халдвар
Мужийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр, нас барсан хүнийг “суурь өвчтэй ахмад настан” хэмээн тодорхойлсон бөгөөд тэрээр энэ сарын эхээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна. Шинжилгээний дээжийг Вашингтоны их сургуулийн лабораторид шинжлэхэд уг хүн H5N5 төрлийн шувууны томуугаар халдварласныг тогтоожээ.
Судлаачид үүнийг “дэлхий дээр энэ омгийн анхны бүртгэгдсэн хүн тохиолдол” хэмээн тэмдэглэсэн бөгөөд үр дүнг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд (CDC) баталгаажуулсан байна. Ийнхүү өмнө нь зөвхөн амьтдад оношлогдож байсан омог хүн төрөлхтөнд халдварласан нь шинжлэх ухаан, олон улсын эрүүл мэндийн байгууллагын анхаарлыг ихээхэн татаж байна.
Вашингтон мужийн Эрүүл мэндийн газар олон нийтэд хандан “Олон нийтэд учруулах эрсдэл бага хэвээр байна. Шувууны ханиадтай холбоотой бусад хүмүүсээс шинжилгээний хариу эерэг гараагүй” хэмээн мэдэгдэж, одоогоор хүнээс хүнд халдвар дамжсан тодорхой баримт байхгүйг онцолжээ. Мөн “Энэ вирус хүнээс хүнд дамжсан гэсэн нотолгоо байхгүй” гэж тодотгосон байна.
Мэдээлэлд дурдсанаар, нас барсан хүн “холимог гэрийн тэжээвэр шувуудын сүрэг”-тэй байсан бөгөөд албаныхан үүнийг халдвар авах гол магадлалтай эх үүсвэр хэмээн үзэж байна.
Шувууны томуугийн дэлхий дахины тохиолдлын тоо
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв энэ онд шувууны томуугийн халдвар авсан 70 гаруй хүний тохиолдлыг бүртгэсэн гэж мэдээлжээ. Нэгдүгээр сард Луизиана мужид H5N1 төрлийн вирусээр халдварласан нэг хүн нас барсан нь тус улсад шувууны ханиадны хүндрэлээс шалтгаалсан эхний нас баралт байсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор, 2003 оноос хойш шувууны томуугийн халдварын нийтдээ 1000 гаруй хүний тохиолдол 25 оронд бүртгэгдээд байна. Энэ тоонд шувууны ханиадны бүх омгийн халдварууд багтдаг бөгөөд хэдийгээр тоо өндөр биш мэт харагдах боловч нас баралтын хувь зарим омгийн хувьд нэлээд өндөр гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Шинэ H5N5 омгийн хүний халдварын энэхүү анхны тохиолдол нь эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагуудад шувууны томуугийн мутаци, амьтнаас хүнд дамжих эрсдэлийг дахин нягт ажиглаж, танин мэдэх шаардлагыг сануулсан үйл явдал боллоо. Одоогийн байдлаар албаныхан нөхцөл байдлыг хянаж, ойр хавьтлын хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд иргэдэд шувуу, гэрийн тэжээвэр шувуудтай харьцахдаа ариун цэврийн дэглэмийг чанд баримтлахыг зөвлөсөөр байна.





