АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг дэмжих амлалтаа биелүүлж, “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системд зориулагдсан пуужингуудаа аль хэдийн Украин руу тээвэрлэж эхэлснийг мэдэгдлээ. Тэрбээр Эндрюс агаарын цэргийн хүчний баазад болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа энэ талаар онцолсон байна.
Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлж буй үгс болон хийж буй үйлдлүүд нь зөрчилтэй хэвээр байгааг Трамп дурдсан ч, түүнийг энх тайвныг хүсэж буй гэдэгт итгэсээр байгаагаа илэрхийлжээ.
“Путин энх тайвныг хүсэж байгаа гэдгээ байнга хэлдэг. Би түүнийг сайн мэднэ. Тийм ээ, би үнэхээр түүнд итгэж байна. Хэрвээ тийм биш байсан бол тэр надад хэлэх л байсан. Тиймээс би итгэж байгаа” хэмээн Трамп онцолсон байна.
Тэрбээр цааш ярихдаа, ОХУ-д өгсөн 50 хоногийн хугацаанаас өмнө хоёр тал энхийн гэрээнд хүрэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн ч, хэрвээ гэрээ байгуулагдахгүй бол ямар хориг арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Гэсэн хэдий ч, авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээнүүд нь Орос улсад төдийгүй түүний холбоотон орнуудад ч хүчтэй нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулжээ.
Украин руу “Patriot” пуужинг тээвэрлэж эхэлсэн явдал нь Вашингтоны зүгээс Украинд үзүүлж буй дэмжлэгийн ээлжит баталгаа болж байгаа бөгөөд энэ нь цаашдын геополитикийн нөхцөл байдалд ихээхэн нөлөө үзүүлэх хандлагатай байна.