“Apple” компани эхний улирлынхаа ашиг нь хүлээгдэж байснаас өндөр гарсан гэж мэдээлсэн ч АНУ-ын гаалийн татвар нь компанид хохирол учруулж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүйг анхааруулжээ. Эхний улиралд АНУ-ын тарифын нөлөөлөл “хязгаарлагдмал” байсан ч энэ улиралд 900 сая ам.доллар болохоор байгааг “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк орлогын тайландаа мэдэгджээ. Күүк “Бүх зүйл тодорхойгүй байгаа тул тарифын нөлөөллийг нарийн тооцоолох боломжгүй” гэж хэлсэн байна.
АНУ-аас Хятадад их хэмжээний татвар ногдуулж, Бээжин АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд хариу хориг тавьсан нь энэ нөхцөлд “Apple”-д нөлөөлж байгаа юм. Ухаалаг утас, хагас дамжуулагч, компьютер зэрэг өндөр зэрэглэлийн технологийн барааг АНУ-ын татвараас түр хугацаагаар чөлөөлсөн ч “Apple”-ийн төхөөрөмжүүдэд ордог бүх эд ангиуд татварын хүнд ачааг үүрч байна.
Canalys судалгааны менежер Ле Суан Чив “Apple” компани харилцан тарифын бодлогод үргэлжилсэн хэвээр байгаа тул АНУ-д хамаарах үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлэх магадлалтай гэж онцолжээ. Энэ нь компанийн нийлүүлэлтийн сүлжээг эрсдэлд оруулахгүй байхын тулд хэрэгжүүлэх арга хэмжээ болохыг тэрбээр хэлсэн байна.
Canalys-ийн мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэсэн “iPhone” утаснууд дэлхийн зах зээл дээр дийлэнх хувийг эзэлсээр байгаа ч Энэтхэг дэх үйлдвэрлэл улирлын төгсгөлд огцом өссөн байна. Суан Чив хэлэхдээ, “Бүх зүйл нэг байршилд байх нь маш их эрсдэлтэй байсан тул бид нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрийг бий болгосон” гэжээ.